Японы оршин суугчид сүүлийн гурван жилд анх удаагаа хаврын амралтын өдрүүдээ коронавирусийн хязгаарлалтгүй өнгөрүүлжээ. Тус улс даяар алдартай аялал жуулчлалын газрууд үйл ажиллагаагаа сэргээж, хөл хөдөлгөөн ихтэй байна. “Алтан долоо хоног” хэмээн япончуудын нэрлэдэг амралтын өдрүүдэд Эхимэ мужийн Мацуяма хотын рашаан сувиллын газарт жуулчдын хөл хөдөлгөөн их байгаа гэнэ. “Дого онсен хонкан” нь тус бүс нутгийн хамгийн алдартай халуун рашаантай газар юм. Жуулчид мөн тус улсын телевизийн хамгийн өндөр “Tokyo skytree” цамхгийг зорьж байна. Эл цамхгийн алсыг харах тавцан сүүлийн гурван жилд анх удаа хаврын амралтын энэ өдрүүдэд нээгджээ.
Бэлтгэсэн З.Амгалан