Британийн Ерөнхий сайд Борис Жонсон саяхан Энэтхэгт айлчлав. “Брексит”-ээс хойш төдийлөн өргөжөөгүй байгаа харилцаагаа сайжруулах, ахиулах найдвар тээж тэрбээр очсон нь мэдээж. Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн оны нэгдүгээр сард Энэтхэгт айлчлахаа больсон юм. Оросын эсрэг тавьж буй хоригт нэгдэхээс Дели татгалзаж, Британийн Гадаад харилцааны яам, Ерөнхий сайдын Тамгын газрын ажилтнуудын телефон утсыг Энэтхэгийн тусгай албад таслах оролдлого хийсэн тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө гарсан нь түүний айлчлалын зорилгыг төвөгтэй болгосон.
Борис Жонсоны хоёр өдрийн айлчлал Нарендра Моди Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө гол сайдаар нь олон жил ажилласан Гужарат мужийн төв Ахмадабад хотод зочлохоос эхлэв. Түүнээс гадна энэтхэг гаралтай британичуудын тэн хагас шахам нь чухам энэ бүс нутгийн уугуул байдаг юм. Гадаадын хөрөнгийг улс руугаа татах шинэ бодлогын зүтгэх хүч болсон Модигийн төрөлх мужид Борис Жонсон Энэтхэгийн ч, Британийн ч аж үйлдвэрийн гол гол салбар луу хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцэхийн тулд бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй уулзав. Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээр хийхийн өмнө Гужарат мужид очсон нь Энэтхэгтэй хамтран ажиллах тухай сэдэв рүү нэвтэрч орох таатай боломжийг Борис Жонсонд олгожээ. Бие биенийхээ зах зээлд хүрэх замыг тэлэх, түүнчлэн бараа солилцох үйлчилгээг сайжруулах, ажлын шинэ байр бий болгох, Энэтхэг-Британийн худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд тус нэмэр болох учиртай чөлөөт худалдааны тухай хоёр талын хэлэлцээрт бэлтгэх нь яриа хөөрөөний гол сэдвийн нэг байв. Төлөвлөж буйгаар бол хэлэлцээрт ирэх онд гарын үсэг зурах бөгөөд хоёр талын худалдааны хэмжээ 2035 онд 36 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Түүнээс гадна хоёр улсын Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээрийг (“2+2” хэлбэрийн ийм хэлэлцээрийг АНУ, Орос, Япон, Австралитай Энэтхэг улс нэгэнт хийгээд байгаа) хийхийг Борис Жонсон Делид санал болголоо. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт Лондон, Делигийн стратегийн түншлэлийг идэвхжүүлэх нь Энэтхэгийн далайд хөлөг онгоц чөлөөтэй зорчих, алан хядагч байгууллагуудтай тэмцэх хамтын хүчин чармайлтад чухал нөлөө үзүүлэх юм. Британийн Засгийн газрын тэргүүний хувиар Борис Жонсоны Энэтхэгт хийж буй анхны айлчлал “Эдийн засгийн цар хүрээтэй өдөл сэдэл, захиргаадлын тогтолцоотой орнуудын зүгээс учруулж болох “аюулын нөхцөлд” энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх удаан хугацааны түншлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэнэ” гэж Тамгын газраас нь айлчлалын өмнө тараасан мэдээлэлд тэмдэглэсэн байв. “Энэтхэг улс эдийн засгийн том гүрэн, дэлхийн томоохон ардчилсан орны хувьд энэ эргэлзээ тээнэгэлзээтэй цаг үед Британийн стратегийн үнэ цэнтэй түнш болж байгаа билээ. Энэтхэгт хийж буй миний айлчлал ажлын байр бий болгох, эдийн засгийг өсгөхөөс авхуулаад эрчим хүч, батлан хамгаалахын хүчин чадлыг бэхжүүлэх хүртэлх хоёр орны ард түмэнд зайлшгүй чухал асуудлыг шийдэх боломж бий болгоно” гэж айлчлалаар мордохынхоо өмнө Борис Жонсон мэдэгдэж байлаа.
1947 онд тусгаар тогтнолоо олсноос хойш Британийн томоохон колони орноос энэтхэгчүүдийн өөрсдийн нь нэрлэдгээр “дэлхий дахины томоохон ардчилсан орон” болох зам туулсан Энэтхэг улстай харилцаатай байхын чухлыг өгүүлсэн дуулиантай мэдэгдлүүд хийдэг ч гэсэн Борис Жонсон нэг жил гаруйн дараа хоёр дахь оролдлогоороо ийнхүү айлчиллаа. Энэтхэгийн үндэсний гол баяр-нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг БНУ-ын өдөрт хүндэт зочноор оролцуулахаар түүнийг өнгөрсөн оны эхээр урьсан байсан юм. Делид жил бүр болдог баярын жагсаалд 1993 онд Британийн Ерөнхий сайд Жон Мейжорыг оролцсоны дараа Борис Жонсон энэ баярын үед байлцах хоёр дахь хүн нь болох байсан ч сүүлчийн мөчид уг айлчлал хойшилсон. Улс орондоо дэгдсэн цар тахалтай хийх тэмцэлд анхаарлаа хандуулах шаардлагатай болсноос Британидаа байх хэрэгтэй гэдгээ тухайн үед Ерөнхий сайд Модитой ярилцахдаа Борис Жонсон тайлбарласан байдаг. Үүний дараа Борис Жонсоны Энэтхэгт хийх айлчлал хожим нь “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр болж магадгүй гэх мэдээлэл тархсан. Дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард болсон ч айлчлал хийгээгүй.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн айлчлалаа “Цар тахалтай тэмцэх”
нэрийн дор хойшлуулсан Борис Жонсон үйлийн үрээр Даунинг-стритэд зургадугаар сарын 19-нд өөрийн төрсөн өдрөөр үдэшлэгт оролцон, хорио цээрийн дэглэм зөрчсөний улмаас ихээхэн хэл аманд өртсөн юм. Энэ хэл амыг дарах гэж хэчнээн оролдсон ч Энэтхэг рүү мордохын өмнө Британийн Парламентын гишүүдэд уг асуудлаар Ерөнхий сайд өөрөө тайлбар өгөхөөс аргагүй болсон. Лондоны цагдаагийн байгууллага Ерөнхий сайд болон түүний гэргий Кэрри Жонсон, мөн Сангийн сайд Риши Сунаку нарт торгууль оноосны дараа энэ бүхэн болсон. Улс төрийн ирээдүйг нь эрсдэлд оруулж болзошгүй энэ үл намдах дуулиан шуугианы эрчийг сааруулахыг хичээсэн Борис Жонсон үр бүтээлтэй Ерөнхий сайд байх өөрийн чадварыг харуулахыг оролдож байгаа. Үүний тулд британичуудынхаа амьдралын өртгийг бууруулах арга зам хайж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нягт хамтарч ажиллаж байгаа, Энэтхэг рүү хийх айлчлал хоёрт ач холбогдол өгч байлаа.
Оросын эсрэг хоригоор барууны орнууд өрсөлдөж байгаа нөхцөлд Делид айлчлах явцдаа Британийн Ерөнхий сайд, дэлхийн томоохон ардчилсан орон Энэтхэгийг Москвад дарамт үзүүлэхэд Өрнөдийн орнуудтай нэгдэхийг ятгах оролдлого хийв. Дөрөвдүгээр сарын эхээр Делид айлчилсан Британийн Гадаад харилцааны сайд Лиз Трасс Оросын түрэмгийллийн эсрэг сөрөн зогсож, түүнээс стратегийн хараат байдлаа багасгахыг Нарендра Модигийн Засгийн газарт уриалсан юм. “Огт зүгээр байхад нь Украин руу Орос довтолсон нь чөлөөт ардчиллыг батлан хамгаалах, худалдаа, кибер аюулгүй байдлын салбарт илүү нягт хамтран ажиллах нь чухал болохыг харуулж байна” гэж энэ хатагтай тэмдэглэсэн байдаг. Оросын эсрэг хориг тавих, эсвэл ядаж л Москвад шүүмжлэлтэй хандах Өрнөдийн уриалгыг бидний хэсэг холбоотон хийгээд түншүүд урьдын хэвээр зөвшөөрөхгүй байна гэж Борис Жонсоныг Энэтхэгт айлчлахын өмнөхөн Британийн “Economist” сэтгүүл сануулж, ийм бодлого явуулж буй улсуудын тодорхой жишээний нэг нь гээд Энэтхэгийг нэрлэсэн билээ.
Энэ зуур Өрнөдийн урмыг юу юунаас илүү хугалж байгаа хоригийн асуудлаарх Энэтхэгийн ер бусын байр суурь Борис Жонсоны зорилгыг хүндрэлтэй болгох ганц хүчин зүйл биш байлаа. Британийн Гадаад харилцааны яам, Ерөнхий сайдын Тамгын газрын ажилтнуудын гар утсыг чагнах оролдлогод Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг оролцсон байж болзошгүй гэж “Daily telegraph” сонин Борис Жонсоны айлчлалын өмнө мэдээлэв. Британийн холбоотнуудын энэ мэт үйлдэл нөхөр нь ч, дайсан нь ч юу хийхээр зэхэж буйг араас нь ажиглаж байх боломж нь нэмэгдсэн тусгай албадын ажилд зөвшөөрөгдсөн хил хязгаарыг эргэж харахыг шаардаж байна” гэж Парламентын нийтийн танхимын Батлан хамгаалах хорооны дарга Тобиас Эллвуд “Daily telegraph” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгдсэн юм. Т.Эллвудийн хэлснээр бол Борис Жонсоны айлчлалын явцад энэ асуудлыг хөн-дөж, хоёр орны удирдагчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөхүүдийн түвшинд ярилцах хэрэгтэй аж.
Бэлтгэсэн З.Амгалан