Украинд болж буй мөргөлдөөнтэй холбогдуулан яаралтай тохиолдолд хэрэглэх хүнс нөөцлөхийг Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер иргэддээ зөвлөжээ. Энэ нь жишээлбэл, чухал дэд бүтцэд кибер халдлага үйлдсэн тохиолдолд хэрэг болно гэж тэрбээр үзэж байна. Цахилгаан удаан хугацаагаар таслах, эсвэл өдөр тутмын амьдрал өөр шалтгаанаар хязгаарлагдаж мэдэхийг сайд “Handelsblatt” сонинд ярилцлага өгөхдөө анхааруулжээ. Мөн тэрбээр онцгой байдал үүссэн тохиолдолд 10 хоногт нэг хүнд зориулах хүнс, эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн улсын жагсаалтыг эргэн авч үзэхийг зөвлөсөн аж. Тус улсын хүн амыг хамгаалах газрын жагсаалтад одоо ус, будаа, талх, гоймон, төмс, хүнсний ногоо, жимс, өндөг, мах болон бусад бүтээгдэхүүн багтаж байна.
Дээрх зөвлөмж нь АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотой юм. Өнгөрсөн сарын 1-нд ОХУ-ын “Газпром” групп Герман дахь охин компани болон түүнд харьяалагдах бүх хөрөнгөд оролцохоо больсон. Улмаар “Gazprom Germania GmbH”-ийг Германы сүлжээний агентлагт шилжүүлжээ. ХБНГУ-д байгалийн хийн томоохон хэд хэдэн агуулах ажиллуулдаг тус компани АНУ-аас ОХУ-д тавьсан хоригт орсон юм. Харин АНУ-ын Сангийн яам “Gazprom Germania GmbH”-д есдүгээр сарын 30 хүртэл гүйлгээ хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг даваа гарагт гаргажээ. Энэ нь “Газпром”-ын охин компани 50-иас дээш хувийг нь эзэмшдэг бүх байгууллагад хамаарна. Гэсэн ч АНУ-аас ОХУ-д тавьсан тодорхой хязгаарлалт, тэр дундаа хувь хүнд чиглэсэн хориг арга хэмжээнүүдтэй зөрчилдсөн үйл ажиллагаа явуулахыг уг баримт бичигт хориглосон хэвээр байгааг тайлбарлажээ. Эл зөвшөөрлийн дагуу нэг сарын хугацаанд анх удаа “Газпром” Оросын Сибирийн баруун нутагт орших Ямал хойгоос Европ хүртэлх хоолойгоор Герман руу хий дамжуулж эхэлжээ. Ташрамд дурдахад, татгалзана хэмээн мэдэгдэж байгаа ч Польш Оросын хийг худалдан авсан хэвээр байгаа аж.
Бэлтгэсэн З.Амгалан