Манай улсын иргэд гадаадын тусгай албаны ажилтнуудтай хамтарч ажилласан нэг бус үйлдлийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж буй. Хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Лхагва гэх иргэнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-т заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тус шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, Н.Баярмаа, П.Ариунболд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, НПГ-ын хяналтын прокурорыг оролцуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд хаалттай хэлэлцсэн хурлаас М.Лхагвыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил хорих ял шийтгэсэн аж. Харин давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, З.Хүрэлсүх, Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч хорих ялыг нь хэвээр үлдээсэн юм. Тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал удаа дараа авсан гэх мэдээлэл бий. Түүнээс гадна манай улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, харийн тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ТЕГ-ынхан илрүүлсэн билээ.
Ташрамд дурдахад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт холбогдсон, “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярын хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Ингэхдээ яллагдагчид урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж буй билээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Бэлтгэсэн Г.Равжаа