Францын ажилчид өөрсдийнх нь эрхэд, юуны түрүүнд тэтгэврийн шинэчлэлээр халдсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Засгийн газартаа харуулах зорилготой Үйлдвэрчний эвлэлүүд, зүүний хүчнийхний жагсаал тус улс даяар болов. Тус улсад тэтгэврийн насыг 60 байсныг 65 болгон хойшлуулсан юм.
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу тавдугаар сарын 1-нийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, парламентын сонгуулийн босгон дээр шаардлага тавихад таатай нөхцөл болно гэж үйлдвэрчний эвлэлийнхэн үзсэн аж. Эсэргүүцлийн ажиллагаа дуусах үед жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болжээ. Жагсагчдын зарим нь хэд хэдэн дэлгүүр, ресторанд халдаж, гудамжинд гал түлж, хаалт барихыг оролдсон аж. Цагдаагийнхныг зориуд өдөөн хатгах зорилгоор гудамжинд гарсан “Black block” бүлэглэлийнхнийг Дотоод хэргийн яам нь мөргөлдөөн үүсгэсэнд буруутгав. “Үймээн дэгдээгчид хүчирхийлэл үйлдэх замаар тавдугаар сарын 1-ний жагсаалд хөндлөнгөөс саад боллоо” гэж Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин нь твиттер хуудсандаа бичжээ. Цагдаагийнхны мэдээлснээр Францын 255 коммун, тэр дундаа Марселе, Лионе, Бордо, Тулузе, Страсбург зэрэг том хотод 116.5 мянга орчин хүн жагсаалд оролцсон байна. Нийслэл Парист 24 мянга орчим хүн жагссан гэнэ. Тэгвэл Хөдөлмөрийн нэгдсэн холбооноос нь уламжилснаар жагсагчдын тоо үүнээс хоёр дахин олон буюу 210 мянга давж, зөвхөн Парист 50 мянган оршин суугч нь эв санаагаа илэрхийлсэн байна.
Үүний сацуу Куба улс даяар болсон, социализмын үзэл санааг хамгаалах, Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн өв залгамжлалд үнэнч байх, АНУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэх уриатай жагсаалд олон мянган хүн оролцов. Жагсагчид мөн Украинд ОХУ-аас явуулж буй цэргийн ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Z” үсэг бүхий Оросын төрийн далбааг барьжээ. Энэ нь Хавана хотод сүүлийн гурван жилд анх удаа болсон тавдугаар сарын 1-ний жагсаал юм. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас 2020, 2021 онд томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулаагүй аж. Мөн уг арга хэмжээнд 60 гаруй орны 200 гаруй байгууллагын идэвхтэн оролцсон гэнэ.
Тэрчлэн Берлинд зүүний байгууллагуудын зохион байгуулсан жагсаалын үеэр ХБНГУ-ын цагдаагийнхан 37 хүнийг баривчилжээ. Тэдний зарим нь хэв журам сахиулагчид руу санаатайгаар лонх шидсэн байна. Энэ удаагийнх сүүлийн арван жилд Берлинд тавдугаар сарын 1-нд болсон хамгийн тайван жагсаал байсныг цагдаагийнхан тэмдэглэжээ. Уг арга хэмжээнд 20 мянга орчин хүн оролцсон аж. Нийслэлийн Кройцберг дүүрэгт хэв журам сахиулахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Жагсаал зохион байгуулагчид цагдаагийнхны үйлдлийг шүүмжилж, тэднийг байдлыг зориуд хурцатгахыг оролдсон гэв. Тус хотод болсон жагсаалын үеэр аюулгүй байдлыг хангахад 5.5 мянган цагдаа оролцсон байна.
Бэлтгэсэн: З.Амгалан