Энэтхэгт борооны улирал эхлэхээс өмнө, ялангуяа тав, зургадугаар сард халдаг бол энэ жил гуравдугаар сараас тус улс даяар хэт халж байна. Гуравдугаар сард өдрийн дундаж хамгийн их температур 122 жилийн дээд үзүүлэлтэд хүрэв. Өнгөрсөн долоо хоногт Шинэ Дели хотод агаарын температур 44 градус хүрчээ. Шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны судалгааны төвийнх нь мэдээлснээр энэ жил Энэтхэгийн 28 мужийн 15-д, тэр дундаа халууны улиралд тус улсын иргэд зорин очиж амардаг, хойд нутгийн уулархаг Химачал Прадеш мужид ч ер бусын эрт халуун болсон байна.
Температурын гэнэтийн өсөлт нь улаан буудайн ургацад сөргөөр нөлөөлнө гэж тариаланчид нь үзэж байгаа бөгөөд энэ нь уг түүхий эдийн хамгийн том үйлдвэрлэгч Орос, Украин хоорондын дайнтай зэрэгцэн дэлхий даяар ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Дулааны улмаас хүмүүс агааржуулагчаа унтраахгүй байгаатай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ огцом өссөн нь олон мужид цахилгаан тасрахад хүргэв. Түүнчлэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд удахгүй түлшгүй болох эрсдэл үүсжээ. Энэтхэгт халж байгаад дэлхийн дулаарлаас гадна хүн амын өсөлт, үүнийг дагаад ой модыг устгаж, тээврийн хэрэгслийг идэвхтэй ашиглан, суурин газрын талбайг улам өргөжүүлж байгаа зэрэг хүчин зүйлс хүчтэй нөлөөлж буйг тус улсын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэнгийн захирал, доктор Сивананда Пай тэмдэглэв.
З.Амгалан