Олон улсын одон орон судлаачид “Хартли- 2” хэмээх солироос ус илрүүлсэн тухай “Nature” сэтгүүлд мэдээлэв. Солир дахь усны изотопын бүтэц манай дэлхийнхтэй нэлээд төстэй хэмээн эрдэмтэд ярьжээ. “Herschel” хэмээх төхөөрөмжөөр усны бүтцийг судалсан эрдэмтэд манай гаригт солирууд ус авчирсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа аж.
“Дэлхий үүссэн эхний хэдэн сая жилд усгүй, халуун хуурай байсан гэдгийг эрдэмтэд баталсан. Гэтэл ус яаж үүссэн нь одоо хүртэл маргаантай байна. Өнгөрсөн зуунд одон орон судлаачид астероид буюу сансрын биетүүд дэлхийд унахдаа усыг бий болгосон гэж үзэж байлаа. Харин солирын усны бүтэц, найрлага нь дэлхийн усныхтай төстэй байгааг бид тогтоолоо.
Хэдэн сая жилийн тэртээ манай гаригт унасан солирууд ус авчирсан байж яагаад болохгүй гэж” хэмээн АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэн Тед Бергин ярьжээ.