Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11.10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “15 настай 2 охин алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэг хоногийн дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10.40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай, эмэгтэй, “У” болон “М” нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, эрх нь зөрчигдсөн, эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.