Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх асуудлаар Европын Холбоо эв нэгдлээ хадгалж чадсангүй. Шинжээчдийн үзэж байгаагаар Оросоос байгалийн хий худалдан авахтай холбоотойгоор Европт үүссэн хагарал улам газар авч, асуудал холбооны хэмжээнд хүрч болзошгүй байна.
Европын 10 худалдан авагч Оросын хийн төлбөрөө рублиэр өгөхийн тулд “Газпромбанк”-нд тусгай данс нээлгэсэн тухай “Bloomberg” мэдээлэв. Үүний сацуу дөрвөн улс хий авсныхаа төлбөрийг рублиэр хэдийн хийсэн гэнэ.
ОХУ хийгээ Европын 23 оронд дамжуулах хоолойгоор нийлүүлдэг. Албан ёсоор Унгар л Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхийг зөвшөөрсөн байгаа. Шинэ схемийн дагуу хийн төлбөр хийхийг Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзэхээ Европын комисс хэдийн мэдэгдсэн. Үүний дагуу Польш, Болгар татгалзсаны дараа “Газпром” компани эдгээр улсад хий нийлүүлэхээ зогсоосон байна. Оросын энэ үйлдлийг Европын Холбоо өдөөн хатгалга гэжээ.
Энэ сарын 1-нээс гадаадын худалдан авагчид төлбөр хийхийн тулд “Газпромбанк”-нд гадаад валют болон рублийн тус бүр нэг данс нээлгэх ёстой. Валютыг “Газпромбанк” Москвагийн биржээр дамжуулан хөрвүүлэх аж. “Найрсаг бус” орнуудын (Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй) жагсаалтад ороогүй Турк, Армени, Нигери нь ОХУ-аас авах хийн төлбөрөө рублиэр шилжүүлэх болсон байна.
“Газпром” Польш, Болгарт хий нийлүүлэхээ зогсоосноо зарласны дараа энэ сарын 27-нд Европын хийн үнэ 21 хувиар өсөж, нэг МВт/цаг нь 125 евро болжээ. Европын компаниуд төлбөрийн шинэ системд шилжихээс татгалзаж, ОХУ-аас импортлох хэмжээ мэдэгдэхүйц буурвал байгалийн хийн хомсдол бий болно гэж шинжээчид үзэж байна. Энэ нь үнэ цойлж, импортлогч, эцсийн хэрэглэгчдийн санхүүгийн байдлыг хүндрүүлэх нь дамжиггүй. Европын хийн зах зээлд хагарал хэдийн үүссэн бөгөөд энэ нь байр суурь туйлшрах тусам газар авахыг ажиглагчид анхааруулж байна. Маргааны улмаас Европын Холбоо сүүлд нэгдсэн, хийнээс хялбархан татгалзчих “шинэ Европ” болон түүхэн үеэс үүссэн “хуучин Европ” гэж хуваагдаж буй аж.
Бэлтгэсэн З.Амгалан