Грекийн эрх баригчдын хэрэгжүүлж буй төсөв танах бодлогыг эсэргүүцсэн хүмүүс 24 цагийн ажил хаялт зарлажээ. ВВС агентлагийн мэдээлснээр ажил хаялтын улмаас Афины нисэх онгоцны буудал 500 гаруй нислэгээ цуцлахад хүрсэн байна. Нислэгийн компаниудын ажилчид ажилд гарахаас татгалзсаны улмаас хэдэн мянган хүн онгоцны буудалд хоноглосон гэнэ. Түүнээс гадна төмөр зам, далайн тээврийн компаниудын үйл ажиллагаа ч доголдож, томоохон хотуудад автобус, троллейбус зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүд зогсчээ.
Грекийн нийслэл Афинд эмч, багш нар ажил хаяснаас сургууль, цэцэрлэгүүд түр хугацаагаар хаагдаад байгаа аж. Харин хувийн хэвшлийнхэн, үйлчилгээний төв, дэлгүүрүүд ердийнхөөрөө ажиллаж буй гэнэ. Тус улсын Засгийн газар төсвөө танах зорилгоор төсвийн 30 мянган ажилтан, ажилчныг цомхтгох шийдвэр гаргасан билээ. Үүнийг эсэргүүцсэн хүмүүс Парламентын байрны дэргэд жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан нь энэ аж.
Х.ОД