Улиг болж, хаана, хаанаа зүдэргээ үүсгэсэн асуудлын нэг бол цэцэрлэгийн хүртээмж. Ялангуяа хоёр болон гурван настнуудаа цэцэрлэгт явуулж чадахгүй байгаатай холбоотой хохирол гэр бүлд их. Хүүхдээ эцэг, эхийн аль нэг нь гэртээ харахад ажил хийж, орлого олох боломжоо алддаг. Хүүхэд ч үеийнхнээсээ хожимдож нийгэмшихэд хүрдэг. Уг асуудлаар шат, шатны боловсролын байгууллага авч хэлэлцсээр ирсэн нь үнэн ч дорвитой хэрэгжүүлсэн нь үгүй. Юутай ч энэ жилийн улсын төсвийн тодотголын төсөлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд 200 тэрбум төрөгийн санхүүжилт тусгасныг хөөцөлдсөн субъектүүдийн, хүмүүсийн амжилт гэж харж байна.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын мэргэжилтнээс “Төсөвт боломжийн хөрөнгө суулгажээ гэж үзэж болох уу. Үүгээр нийслэлийн огт цэцэрлэггүй 17 хороо тус бүрт цэцэрлэг байгуулж хүрэлцэх үү” гэж асуухад “Зөвхөн барьж байгуулахад зарцуулах хөрөнгө биш. Хүртээмж гэдэг ойлголтод олон зүйлийг хамруулдаг” гэсэн юм. Олон зүйл. Задаргаа нь ямар ч байлаа, дутагдаж буй 17 хороонд цэцэрлэг лав барьж байгуулах боломжгүй гэж ойлгогдов. Биднийг ийнхүү цухас ярилцсаны дараахан буюу өчигдөр үдээс өмнө УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Үүнд хөндөж буй сэдэвтэй холбоотой “Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно” гэсэн өгүүлбэр байна. Хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлыг нэмэх нь. Ингэснээр ялангуяа хоёр, гурван настнууд цэцэрлэгт явж чадахгүй байгаа асуудлыг шийдэж чадах уу. Төрөөс хувийн цэцэрлэгийг дэмжсэн бодлого явуулж буйг эрс буруушаах гэсэнгүй. Гагцхүү тэдэнд хөрөнгө чиглүүлснээр өнөөдөр гэртээ “түгжээтэй” байдаг хоёр, гурван настнууд, дөрөв, таван настай зарим хүүхэд цэцэрлэгтэй болж чадах уу. Хувийнхан тэднийг улсынх мэтээр, зохих багахан хэмжээний зардлаар хүлээж авах уу. Үгүй л болов уу. Тэгэхээр ирэх хичээлийн жилд өнөөх хэд дахиад гэртээ сууцгаах юм биш үү. Хувийн цэцэрлэгийн төлбөр сард хэд байдаг билээ дээ.
БШУЯ-нд энэ сарын эхээр “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал, асуудал, шийдэл” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн ажилтнууд болон “Хувийн цэцэрлэгүүдийн холбоо” төрийн бус байгууллагынхан, мөн хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон. Тэд сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны алдаа, онооны талаар ярилцсан билээ. Хэлэлцүүлэг өрнүүлсний дүнд асуудлыг УИХ-д хүргэсэн. Шийдвэрийг ингэж гаргуулж буй юм байна. Хувийн цэцэрлэгүүдийн холбоо лобби сайн явуулж. БШУЯ-ныхан сайдтайгаа, нийслэлийн удирдлага ч тэрхүү лоббид нь нэг мөр автаж гэхээр. Эсвэл шууд хэлэхэд цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа дуулианыг далимдуулж уг холбоо, БШУЯ, салбарын сайд, нийслэлийн удирдлагын аль аль нь төсвөөс хэдэн төгрөг эвтэйхэн зохицуулахаар шийдэв үү гэж хардахаар.
Улсын хэмжээний сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байдаг нь манай улсын хүн амын тал хувь нь нийслэлд ор шин суудагтай холбоотой аж. Улаанбаатар хотод өдгөө төрийн болон төрийн бус өмчийн 671 цэцэрлэгт 104 701 хүүхэд хамрагддаг юм байна. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжаар цэцэрлэг 117, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 21-ийг ашиглалтад оруулжээ. Ингэснээр 15 805 хүүхдийг цэцэрлэгт хамрах боломжоор хангасан юм.
Энэ жил нийслэлийн төсвөөр есөн цэцэрлэг, есөн цогцолбор барьж байгуулах аж. Энэ тоог харахад цэцэрлэггүй 17 хороог хангачихаар юм шиг. Мэдээж байршил, хамруулах тойрог гэх мэтийн үзүүлэлтээс хамаараад санаснаар болохгүй байх. Гэсэн ч нийслэлийн зүгээс ийм хүчин чармайлт гаргаж, хөрөнгө ч зарцуулахаар байхад улсын төсвөөс гаргахаар тооцоолж буй 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэг мөр шийдэхэд хүргэж болохгүй юу. Хэрвээ дутвал яах гэж хоёрын хооронд төсөвлүүлж байгаа юм бэ. Олон жил ужгируулснаар иргэдийг цаг зав, орлого, санхүүгээр ихээхэн хохироож буй уг асуудалд цэг тавих болсон баймаар.
Бодож, тооцож ядах юмгүй. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаагийн мэдээлснээр өнөөдөр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа аж. Нэг ангид дунджаар 28-30 хүүхэд хүмүүждэг. Боломжийн багтаамж. Хот даяар хоёр настай 35 192 хүүхэд байгаагийн 50.7, гурван настай 35 832 хүүхдийн 66.5, дөрвөн настай 44 763 хүүхдээс 85.3 хувь нь, мөн таван настай хүүхдүүдийн 88.2 хувь нь цэцэрлэгт хамрагддаг гэнэ. 4-5 настнуудын тухайд сургуульд орох бэлтгэл үе учраас тэднийг цэцэрлэгт илүүтэй хамруулах бодлого барьдаг нь зөв гэхээр. Дээр дахин, дахин дурдсанчлан одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо байдаг. Тэдгээрээс энэ онд зургаан хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар 21 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй аж. Эндээс анзаарсан ч Улаанбаатар хотод цэцэрлэг нэмж барихад нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал тавьж байх шиг. Гэтэл улсын төсөвт голчлон хувийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөг зүтгүүлэх нь хэр оновчтой вэ. Үүний оронд улсын цэцэрлэг барьж, боловсон хүчнээр хангах нь дээргүй юү. “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж- өнөөгийн байдал, асуудал, шийдэл” гэсэн хэлэлцүүлгийн үеэр цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн мэдээлэл түлхүү байсан нь ийм, зорилготой тактик юм санж уу.
Хэлэлцүүлэгт үг хэлсэн нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “2022 оныг Улаанбаатар хотыг “Иргэн төвтэй хот” болгох зорилт дэвшүүлсэн” гэж хэлсэн. Эдүгээ УИХ-д хүргээд буй цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж буй шийдвэрээс нийслэлийг иргэн төвтэй хот болгох гэхээсээ илүүтэй нийгэмд тулгамдсан асуудлаар далимдуулж төрөөс хэдэн төгрөг гаргуулж авъя гэсэн далд бодлого хэрэгжүүлэх он болгох гэсэн мэт харагдаж байна.
Улаанбаатар хотод төрийн өмчийн 276 цэцэрлэг байдгаас 57 нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ бүрэн хамруулж чадахааргүй, ачаалал ихтэй ажилладаг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолсон. Баянзүрх дүүрэгт гэхэд төрийн өмчийн 52 цэцэрлэг байгаагаас 19 нь ачаалал өндөртэй аж. Хан-Уул дүүргийн 10, Сонгинохайрханы есөн цэцэрлэгийн хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдийн тоонд хүрдэггүй гэнэ. Тиймээс эдгээр 57 цэцэрлэгт голчлон анхаарч ажиллах ёстой гэсэн.
Цэцэрлэгийн өргөтгөл барих, хүүхдүүдийг ойролцоох ачаалал багатай цэцэрлэг рүү шилжүүлэх зэрэг зохицуулалт хийж байгаа ч цаашдаа хамран сургах тойргийг шинэчлэн, оновчтой байдлаар тогтоох тухай ярьж байсан. Гэсэн ч эдгээрээс чухал нь хүүхэд хаана олноор гэртээ байна, тухайн газарт цэцэрлэг барих нь чухал биш юм уу.
Цэцэрлэг хангалттай байхад гэр бүлүүдийн амьдрал ямар тайван байдаг, албан болон хувийн ажлаа хэр зэрэг эмх замбараатай, хуваарьтай, дэгтэй зохицуулдгийг Багануур дүүргээс, оршин суугчдаас нь харж болно. Тэнд есдүгээр сарын 1 болоход эгээ л гудамжаар нь цагаан хоолойгоор “Хүүхдээ манай цэцэрлэгт өгөөрэй” гэж хашхирдаггүй байх. Хүүхдийг асран хүмүүжүүлж, сургадаг байгууллага тийм хүртээмжтэй гэсэн үг. Тус дүүргийн үе, үеийн удирдлага уг асуудлыг хэрхэн зохион байгуулж ирснийг судал л даа. Туршлага л гэхээр гадаадынх байх албагүй билээ.
Дахин асууя. БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сайд Л.Энх-Амгалан хариулах биз ээ. Улсын төсвийн тодотголын төсөлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд тусгуулж буй 200 тэрбум төгрөгөөр юу, юу хийх вэ.