Япон, Өмнөд Солонгосын харилцааг хурдан хэвийн болгохыг эрмэлзэж буйгаа арлын орны Ерөнхий сайд Фүмио Кишида илэрхийлэв. БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн төлөөлөгчдийг Токиод хүлээн авч уулзах үеэрээ Японы Засгийн газрын тэргүүн ингэж мэдэгджээ. “Хуульд үндэслэсэн олон улсын дэг журам аюулд өртсөн өнөөгийн нөхцөл байдлын үед Япон, Өмнөд Солонгос, түүнчлэн Япон, АНУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна” гэж тэрбээр хэлснийг “Kyodo” агентлаг уламжлав. Өмнөд Солонгосын төлөөлөгчид ч мөн хоёр орны харилцааг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагаа явуулахыг уриалсан гэнэ. Японы Ерөнхий сайд хоёр талын хооронд үүссэн бүх санал зөрөлдөөнийг шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ. Сөүлийн шүүх хэд хэдэн шийдвэр гаргасны дараа тус хоёр улсын харилцаа хурцадсан юм. Шийдвэрт дэлхийн II дайны үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлсэн Өмнөд Солонгосын ажилчид, мөн тухайн үед армийн эмсийн хүрээлэнд албадан дайчлагдсан эмэгтэйчүүдэд нөхөн олговор өгөхийг Японы корпорацууд болон төрөөс шаарджээ. Үүнийг Токио няцаагаад, энэ төрлийн санхүүгийн бүх нэхэмжлэлийг 1965 онд хоёр талын дипломат харилцаа тогтоох үед зохицуулсан хэмээн мэдэгдсэн байна. Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч ялангуяа бүрэн эрхийнхээ эхэнд Японы талаар хатуу байр суурь баримталж байсан билээ.
З.Амгалан