Литва улсын эрх баригчид Беларусьтай залгаа хилээ хурц ир бүхий 320 км урт өргөст тор суурилуулж, 220 км ган торон хашаа босгон хамгааллаа. Дотоод хэргийн яамнаас нь мэдээлснээр хууль бус цагаачдын хөдөлгөөн хамгийн их бүртгэгдсэн Друскининкай, Адутишкес зэрэг хилийн хамгийн асуудалтай хэсгийг бэхжүүлэх ажилд 800 орчим хүн оролцож байна. Европын Холбооны орнуудаас Литва нь Беларусьтай хамгийн урт хилээр холбогддог. 680 орчим км урт энэ хилийг ирэх намар гэхэд хаалтаар хамгаалж, дүрс бичлэгийн хяналтын системээр тоноглох гэнэ. Хаалт хашааны өндөр дөрвөн метр бөгөөд дээгүүрээ өргөст тортой. Уг хашааны өмнө гурван метр өндөр, өргөст тор нэмж татаж буй аж.