АНУ-ын засаг захиргаанаас сард наанадаж хоёр тэрбум долларын эдийн засгийн яаралтай тусламж үзүүлэхийг Киев хүсэж байгаа бөгөөд ийм хэмжээний санхүүжилтгүйгээр Украины хүмүүнлэгийн хямрал улам даамжирч болзошгүй гэж тус улсын Сангийн сайд Сергей Марченко хэснийг “Washington post” сонин уламжилжээ. “Энэ дайнд ялахын тулд бидэнд яг одоо ийм тусламж шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. Улсаас тэтгэвэр, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалинг үргэлжлүүлэн олгохоос гадна хүмүүнлэгийн бусад хэрэгцээг хангахад эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй гэнэ. Киевт дөрөв, тав, зургадугаар сард зардлаа яаралтай нөхөхийн тулд сард дор хаяж таван тэрбум долларын олон улсын тусламж шаардлагатай байгаа бөгөөд үүнээс хоёр тэрбумыг АНУ-аас авах хэрэгтэй гэв. Үүнээс гадна тус улсыг сэргээн босгох урт хугацааны хэрэгцээтэй холбоотой нэмэлт хүсэлт тавих бололтой. Дайн дууссаны дараа улс оронд нь олон зуун тэрбум долларын санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн бол Ерөнхий сайд Денис Шмихал тусламжийн хэмжээг 600 тэрбум доллар гэж тооцоолсон аж. Тэд саналаа Дэлхийн банкнаас цахим хэлбэрээр зохион байгуулсан дугуй ширээний уулзалтын үеэр хэлжээ. Үүнд тус банкны ерөнхийлөгч Дэвид Малпас, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева нар оролцсон байна.
Бэлтгэсэн З.Амгалан