Европ руу хүрэх гэж явсан 541 хууль бус цагаачийг Ливийн эргийн хамгаалалтын албаныхан саатуулсныг “Al Mashhad Al Araby” цахим хуудас мэдээлэв. Тодруулбал, Ливийн нийслэл Триполигоос зүүн тийш 200 км зайтай орших Мисурата хотод олон хүн хөлөг онгоцоор Европ руу хүрэх оролдлогыг таслан зогсоосон тухай тус улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын эсрэг хэлтэс мэдэгджээ. Энэ оны эхээр Ливийн Дотоод хэргийн яам хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх, ложистикийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Италиас 42 сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээн авчээ. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд Ливи улсаас хууль бус 655 цагаач Газар дундын тэнгисийг гатлах гэж байгаад амиа алдаж, 897 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Мөн онд Ливийн 32 мянга гаруй цагаачийг далайгаас аварч, эх орон руу нь буцаажээ. Тэдний олонх нь Италийн өмнөд нутгийг зорьж явсан гэнэ.
З.Гал