Афганистантай залгаа хил рүүгээ Ираны эрх баригчид хуягт танкийн дивиз шилжүүлэн байрлуулсан тухай “Aamaj news” агентлаг уламжлав. Тодруулбал, танкийн 88 дугаар дивизийг илгээх шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх Докарун (Иран), Ислам-Кала (Афганистан) боомтын ойролцоо сүүлийн үед гарсан хэрэг явдлын улмаас аюулгүй байдлын үүднээс гаргажээ. Энэ сарын 23-нд тус шалган нэвтрүүлэх боомтын хилчдийн хооронд мөргөлдөөн үүсэж, улмаар Ираны талаас хилийн боомтоо түр хаасан юм. “Tasnim news” агентлагийн мэдээлснээр талибчууд Ислам-Кала орчимд зам тавьж эхэлсэн байна. Хилийн бүсэд шинэ зам барих зөвшөөрлийг албан ёсоор баталгаажуулаагүй гэх шалтгаанаар Ираны хилчид хөндлөнгөөс оролцож, замын ажлыг зогсоосон гэнэ. Тус хоёр улсын эрх баригчдын төлөөлөгчид энэ асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байгааг IRNA агентлаг дамжууллаа. Докарун боомт нь Иран, Афганистаныг холбодог, худалдааны хамгийн чухал замуудын нэг юм.
Бэлтгэсэн З.Амгалан