Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог нүүрсний уурхайн осолд амиа алдсан хүний тоо 17 болсон талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тэдний мэдээлснээр Либо мужийн Лихуа тосгон дахь нүүрсний уурхайд хийн дэлбэрэлт болсон байна. Аврагчид уурхайгаас амьд байсан болон амиа алдсан хүмүүсийн цогцсыг гаргаж байгаа гэнэ. Осол гарах үед уурхайд 21 уурхайчин ажиллаж байсан бөгөөд 14 нь амиа алджээ.
Харин гурван хүн уурхайгаас амьд гарсан ч нас барсан байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Өмнөд хөршид Засгийн газраас гаргасан аюулгүй ажиллагааны дүрэм журмыг уурхайд сайтар мөрддөггүй тул осол цөөнгүй гардаг байна. Тус улсын Нүүрсний уурхайн аюулгүй байдлын захиргааны мэдээлснээр 2010 онд л гэхэд 2500 уурхайчин амиа алджээ.
Р.ОЮУНЦЭЦЭГ