Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Л.Халтар “Нисэх буудлыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Като Такэо таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт-Ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье” гэсэн байна. Тэгвэл гүйцэтгэх захирал асан Като Такэо “Нисэх буудал нь Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг нь хийж байгаа ч Монгол Улсын өмч, нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт” компанийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Китанака Такэфүми захиралд ажлын өндөр амжилт хүсээд, яамны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ олон улсын нисэх буудлын талаар олон нийтийн зүгээс япон маягийн чанартай үйлчилгээ хүсэн хүлээж буйг сануулсан байна. Китанака Такэфүми нь өмнө нь олон улсын нисэх буудал дээр ажилласан туршлагатай аж. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг аюулгүй, тохь тухтай буудал болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлээд цаашид нисэх буудлыг эдийн засгийн хувьд амжилттай ажиллуулахад нислэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн гэнэ.