Сомали улсын нийслэл Могадишу хотод амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлснээс 60 гаруй хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа. Сомалийн Засгийн газрын байрны ойролцоо энэ явдал болжээ. Амиа золислогч тэсрэх бөмбөг ачсан машинтай Засгийн газрын байрны ойролцоо ирээд дэлбэлсэн болохыг гэрч нар мэдүүлжээ. Ислам шашинт дайчдын “Ал Шабаб” бүлгийн төлөөлөгч энэ явдлыг шууд дайралт байсан хэмээн BBC-д мэдэгдсэн байна.
Дэлбэрэлт болох үеэр Засгийн газрын байрны Сайд нарын танхимд байсан BBC-гийн сурвалжлагч “Хүмүүсийн цогцос энд тэндгүй тасарч унан, зарим хүн шатаж байсан. Энэ бол миний харсан хамгийн аймшигтай явдал” хэмээжээ. Могадишу хотын Яаралтай тусламжийн төвийн эмч Али Рүсийн хэлснээр 65 цогцос олдож, дор хаяж 50 хүн хүнд шархадсан байна.
Ал Кайдатай холбоотой “Ал Шабаб” бүлгийнхэн Сомалийн өмнөд болон төв хэсгийн томоохон бүсийг хяналтдаа байлгадаг аж. Гэвч хоёр сарын өмнөөс тэднийг Могадишугаас түрэн гаргажээ. Тэднийг гаргасан нь амиа золиослогчдын дайралтыг улам ихэсгэлээ хэмээн шинжээчид үзэж байна.
Р.ОЮУН