Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хоёр бүтээл олон улсад үзэгч, уншигчдын хүртээл болж эхэлжээ. Тус газрын мэргэжилтнүүдийн 2011-2021 онд “уулын эзэн”-ий нутагт ажиллахдаа цуглуулсан олон мянган гэрэл зураг, дүрс бичлэгээс бүтсэн “Ирвэсийн амьдрал” баримтат киног Польшийн телевизүүд хадмал орчуулгатайгаар гаргаж эхэлсэн байна. Харин хүүхэд багачуудад зориулсан “Цоохор найз” танин мэдэхүйн комик ном англи, орос, тува хэлээр уншигчдын гарт очжээ. Цоохор ирвэс бол Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 оронд л нутагладаг нэн ховор амьтан. Тиймээс түүнийг сурталчлан таниулж, хамгааллын арга хэмжээг идэвхжүүлэх үүднээс Дэлхийн байгаль хамгаалах сан дээрх бүтээлүүдийг олон орны уншигч, үзэгчдэд хүргэх зорилт дэвшүүлсэн юм.