Мексикийн литийн нөөц баялгийг үндэснийх болгохоо Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор мэдэгдэв. Холбогдох хуулийн төслийг парламентын хоёр танхим нь баталсныг дэлхийн томоохон хэвлэлүүд, тэр дундаа “Financial times” мэдээлэв. Ийнхүү литийн зах зээлд хувийн компаниуд ажиллахыг хоригложээ. Тус улс одоогийн байдлаар литий олборлодоггүй ч ордын хайгуул идэвхтэй хийж байна. Гадаадын арав орчим компани литийн боломжит ордуудыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсны хамгийн том нь Хятадын хяналтад байдаг “Bacanora lithium” болохыг “Reuters” агентлаг мэдээллээ. Обрадор улсынхаа байгалийн баялагт хяналтаа чангатгах амлалт өгч, сонгуульд ялсан юм. Гэвч литийн салбарыг үндэсний болгох нь сүүлийн үед үнэ нь огцом өссөн уг металлын экспортоос орлого олоход хүндрэл учруулж болзошгүй аж. Тус улсаас гадна Боливи, Чили литийг төрийн өмч болгоод байна.