АНУ, Кубын дээд түвшний хэлэлцээ Вашингтонд сэргэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөснөөс хойш анх удаа болж буй эл уулзалтын гол сэдэв нь цагаачлалын асуудал. Харилцаагаа сэргээж байгаа гэдэг нь хоёр орны харилцаа гэсэж, эдийн засаг зэрэг өргөн хүрээний асуудлаар бүрэн хэмжээний яриа хэлэлцээ эхэлж байгааг илтгэж магадгүй.
Кубын иргэд Мексикийн хилээр дамжин АНУ руу шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэж байгаа асуудлыг хэлэлцэх аж. Цагаачлалын хямрал Америкийн засаг захиргааны “толгойн өвчин” улам бүр болж байгаа бөгөөд хууль бусаар дүрвэгсдийн дунд кубачууд олон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Панамд болсон сайд нарын уулзалтын үеэр цагаачлалын асуудлыг Америкийн тэргүүлэх чиглэл гэсэн нь санамсаргүй хэрэг биш юм. АНУ Куба улсыг ядаж Америк, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн, албадан гаргасан иргэдээ буцаан авч эхлэхийг хүсэж байгааг “Reu¬ters” агентлаг мэдээлэв.
Ж.Байден өнгөрсөн оны нэгдүгээр сард Америкийн Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойших хугацаанд Кубын 110.3 мянган иргэн АНУ-д хууль бусаар нэвтрэхийг оролдсон байна. Гуравдугаар сарын 26-ны байдлаар АНУ-аас албадан гаргах ёстой, Кубын 40 мянган иргэн бий. Үүний сацуу Кубын Засгийн газар зургаан сарын турш АНУ-аас албадан гаргагсдыг суулгасан нислэгийг хүлээн авахаас татгалзжээ.