Британийн хатан хаан II Элизабет 96 насны ойгоо Норфолк гүнлэгийн Сандрингем эдлэндээ тэмдэглэв. “Daily telegraph” сонинд бичсэнээр, эрхэмсэг дээдэс Виндзорын шилтгээнээс нисдэг тэргээр тэнд хүрэлцэн очиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард 99 насандаа таалал төгссөн нөхөр, хунтайж Филиппийн цагийг өнгөрөөх дуртай байсан “Wood farm” гэх жижиг зуслангийн байшинд буудаллажээ.
Хатан хаан төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд өнгөрөөж, ойрын хэдэн өдөр Сандрингемд зочдоо хүлээн авах гэнэ. Гэхдээ энэ өдрүүдэд мэндчилгээ дэвшүүлэх ч баярын албан ёсны бүх ёслолын арга хэмжээ зургадугаар сард, Британийн хаадын урт удаан жилийн уламжлал ёсоор тэмдэглэнэ. Зургадугаар сард II Элизабет хаан ширээнд суусны цагаан алтан ойг тохиолдуулан гол арга хэмжээнүүд эхэлнэ. Энэ оны хоёрдугаар сарын 7-нд тэрбээр хатан хаанд өргөмжлөгдсөнөөс хойш яг 70 жил болсон юм. Угсаа залгамжилсан эмэгтэйчүүдийн дунд II Элизабет дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаанд хаан ширээнд суусан байна. Гэсэн ч Европын хаадын дунд тэрбээр 72 жил 110 хоног өндөр сэнтийд заларсан Францын хаан XIV Людовик (1638-1715) -ийн амжилтыг хараахан гүйцээгүй аж. Хаан ширээнд хамгийн удаан заларсан дээд амжилт нь Свазиландын хаан II Собузад (одоогийн Эсватини) харьяалагддаг бөгөөд түүнийг дөрвөн сартайдаа дээд удирдагчаар зарласнаар тэрбээр улсаа 82 жил 254 хоног захирчээ.