ОХУ тив хоорондын баллистик “Сармат” пуужин туршсан нь амжилттай боллоо гэж тус улсын БХЯ мэдэгдэв. “Манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, гаднын сүрдүүлгээс Оросын аюулгүй байдлыг найдвартай хамгаалах энэ зэвсэг биднийг заналхийлэхийг оролдож буй хүмүүст нэгийг бодогдуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ. Тэрбээр туршилтын явцыг дүрс бичлэгээр дамжуулан үзсэн байна. Москва туршилтынхаа талаар АНУ-д урьдчилан анхааруулсан тул пуужин харвасныг Вашингтон аюул гэж үзэхгүй байгаа тухай Пентагоны өндөр албан тушаалтан мэдэгдсэнийг “Politico” сонин уламжлав. Туршилтын дараа “Сармат” пуужингийн системийг зэвсэглэлд оруулжээ.
В.Путин 2018 оны гуравдугаар сард парламентын дээд танхимдаа явуулсан илгээлтдээ тив хоорондын “Сармат” зэрэг хэд хэдэн төрлийн стратегийн зэвсэг бүтээж байгаагаа зарласан юм. АНУ-ын Конгрессын судалгааны албанаас мэдээлснээр “Сармат” нь 10 ба түүнээс олон цэнэгт хошуу тээх чадалтай. Үүнийг олон жилийн турш хөгжүүлж байгаа тул туршилт нь Өрнөдийнхний хувьд гэнэтийн зүйл биш байсан ч Украин дахь Оросын дайнаас үүдэн геополитикийн хурцадмал байдал үүссэн үетэй давхацсаныг “Reuters” агентлаг онцлов.
“Сармат” нь дэлхийн хамгийн хүчирхэг “Воевода” стратегийн пуужингийн халааг авах гэнэ. “Энэ нь пуужингийн довтолгооноос хамгаалах одоо байгаа болон ирээдүйн системийг баталгаатай давах хосгүй шинж чанартай, дэлхийн хамгийн алсын тусгалтай байг онох хүчирхэг зэвсэг” гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэв. Энэ бол тив хоорондын, шингэн түлшээр ажилладаг хүнд пуужинтай систем юм. Нэг пуужингийн жин нь 200 гаруй тонн. Мөн уг систем нь агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн бүх системийг даван туулах чадвартай, дэлхийд үүнтэй ижил төстэй зэвсэг удаан хугацааны турш гарахгүй хэмээн В.Путин тодотгожээ.