“Эргэлтийн номын сан”-гаар зочлов. “БАЛДОРЖ” шагналт хос маань номоо гаргажээ. Гаргах гаргахдаа редакцынхаа залуу сэтгүүлчдийнхээ анхны номыг хамт хэвлүүлж, дэм, урмыг зэрэгцүүлсэн аж. Тэгээд бүр сэтгүүлзүйн салбарынхнаа урьж, сурган, төлөвшүүлж буй шинэ залуу үеийнхнийхээ бүтээлүүдийг нь танилцуулав. “Ergelt.mn” сайтынхан үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж буй. Тийм хэдий ч “БАЛДОРЖ” уралдааны болон МСНЭ-ийн оны шилдэг сайт болоод амжсан. Бас өөрсдийн гэсэн номын сантай сайт болсноо өнөөдөр ийн ёслол төгөлдөр зарлаж, бусад редакцынхнаа урьж, номын баяраа хамтдаа халуун дотноор тэмдэглэлээ. “Novotel” зочид буудлын Хүндэтгэлийн танхимд дүүрэн зочин цугласан бөгөөд хуурын чимээ эгшиглэн, уртын дуу цуурайтна.
Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар номын баяраа нээж “Сэтгүүл зүйн салбар мэргэжлийн байх тодотголоо аль ч цаг үед алдах учиргүй. Тийм ч учраас манай редакц сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ мэргэжлийн гэж тодотгож болох шилдэг бүтээлүүдээс сорчлон түүвэрлэж, “Эргэлтийн номын сан” цуврал бүтээлийн төслийг эхлүүлж байна. Өнөөдөр энэхүү цувралын эхний 10 ном уншигчдын гар дээр хүрч буйд баяртай байна. Энэ бол Монголын сэтгүүл зүйг мэргэжлийн чигээр нь хадгалахад манай редакцын зүгээс оруулж буй хувь нэмэр” хэмээн тодотгов.
Дараа нь уригдсан зочид сэтгэгдлээ хуваалцсан билээ.
МСНЭ-ийн ерөнхийлөгч З.Боргилмаа: Хүрлээ, Март хоёр багш нараа хүндэтгэж, залуу үеэ хөгжүүлж байгаа нь сайхан санагдлаа
-Хүрлээ түрүүнд ёс зүйгүй сэтгүүл зүйн талаар хөндөж, үүнийг засаж залруулах тухай дурдсан. Ер нь Хүрлээ, Март хоёр бол сонины суурьтай сэтгүүлчид. Тэд багш нараа хүндэтгэж, залуу үеэ хөгжүүлж байгаа нь сайхан санагдлаа. Мөн Бичих туурвих ид үеэ үр бүтээлтэйгээр ч өнгөрүүлж буй. Тийм ч учраас “Ergelt.mn” сайтад гарч буй бүтээлүүд ёс зүйтэй, бодитой, чанартай байгаа юм. Үүнийг хүмүүс уншиж байж мэднэ. Сэтгүүлчдийг ёсзүйгүй гэж шүүмжлэгчид дийлэнх нь уншдаггүй хүмүүс байдаг юм.
Нэрт орчуулагч Н.Пүрэвдагва: Сүлжээний мэдээлэл хардаггүй. Харин “Эргэлтийн номын сан”-гийн 10 цувралыг гүймэгхэн хараад, эндүүрснээ ухаарч, увайгүй сэтгүүл зүйд эргэлт хийж буй залуусаар бахархлаа
-Хоёр хоногийн өмнө багц ном авсан. Олдсон хугацаанд барж унших гэж мачийлаа. Гүйлгээд тавьчхаж боломгүй эргэж харж, эргэцүүлж бодох учиртай, амаргүй “судар” болсныг юуны өмнө хэлье. Хэн бүтээв хэмээн харвал, сурч мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хэмээх их хөлийн газар тал талаас цугласан залуус байлаа. Эхэндээ аймаг, аймгийнхаа машиныг хараад дагуулан харж, санааширч, дагаад гүйх нь холгүй байсан залуус байснаа бичсэн байх юм. Бас зүүдлээд сэрдэг, сэрээд уйлдаг, нутаг өөдөө зэлнээсээ алдуурсан унага эх рүүгээ чавхдах шиг, “Дуулж угтдаг, уйлж үддэг” төрсөн нутгийн хөндий рүүгээ, мөнхөд нойрссон ч халуун дулаан дурсамж дүүрэн үлдээсэн өвөө, эмээгийнхээ буйр руу, хавь ойрыг бүрхэн харанхуйлах нүүрсний утаа шиг хүний мөс нь хүртэл өдөр өдрөөр харлах, хүмүүний их бөөгнөрлөөс зугтах гэсэн хүслээ даран оюутан ахуйн хэдэн жилийг үдсэнээ зохиогчид өөр өөрсдийнхөөрөө дурссан байх ажээ. Дараа нь сургуулиа төгсөөд бүтээх туурвих оргилуун хүсэлдээ хөтлөгдөн, ижил ижлээ даган “Ergelt.mn” сайт хэмээх бяцхан мөртлөө их айлын ханыг шийрлэж, тооныг тулсан уран бүтээлч хамт олон болоод байгаа юм байна. Сүлжээний мэдээлэл хардаггүй. Харин “Эргэлтийн номын сан”-гийн 10 цувралыг гүймэгхэн хараад, эндүүрснээ ухаарч, увайгүй сэтгүүлзүйд эргэлт хийж буй залуусаар бахархлаа.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар: “Ergelt.mn” мэргэжлийн сайтын хувьд улс төр, өнгө мөнгөнөөс хол байж, чөлөөт сэтгүүлзүйн үүргээ сайн гүйцэтгэдэг
-Хүрлээ, Март хоёр үеийнхэн дундаа дээд эрэмбэ тогтоосон сэтгүүлчид. Бичсэн бүтээлүүдийг ахин дахин уншаад байдаггүй. Гэхдээ гарчгуудыг нь санаж байна. Оюутнууддаа 50-60 нийтлэл өгч уншуулаад, шилдэг 5-6-г нь сонго гэхэд дотор нь Хүрлээ, Март хоёрын бүтээлүүд тунасан л байдаг. Тиймдээ ч Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “БАЛДОРЖ” шагналыг хоёулаа авсан. Хүрлээ бол явдаг, үйл явдлын гүнд орж судалдаг сэтгүүлч. Март маш гоё сурвалжилгууд хийдэг. “Ergelt.mn” мэргэжлийн сайтын хувьд улс төр, өнгө мөнгөнөөс хол байж, чөлөөт сэтгүүлзүйн үүргээ сайн гүйцэтгэдэг.
“Эргэлтийн номын сан”-гийн цуврал “Ergelt.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Эрлийн үзүүрт”, Ерөнхий редактор Б.Энхмартын “Дэндүү үнэнч чи минь”, Улс төрийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Б.Бадралмаагийн “Бэрсийн нүүдэл”, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Д.Чанцалдуламын “Харгуй”, Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаярын “Цагийн төрх”, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Б.Гүнжидийн “Гэгээ түүсэн хавар”, Соёл, урлагийн мэдээллийн албаны сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Сул өвс ганхсан намар”, Нэвтрүүлэг, тоймчдын албаны гадаад тойм хариуцсан сэтгүүлч А.Азсайханы “Хязгааргүй”, Гэрэл зурагчин Б.Бат-Эрдэнэ, Т.Баярсайхан, Б.Намсрай, Э.Дашнямын “Ертөнц”, “Ergelt.mn” мэдээллийн сайтад ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Бид-Тэд” гэсэн 10 номоос бүрдэж буй. Цагийн уртад эл номын сан улам өргөжин тэлэх нь дамжиггүй.
Номын нээлтэд олон уран бүтээлч ирж, баяр хүргэн ая дуугаа өргөсөн. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг номын нээлтийн үеэр цөөн хором тог тасрав. Харин дуучин амьд тоглолт үзүүлж, зочид утасныхаа гэрлийг асаан баяр хүргэж, номын баяр хоромхон ч тасалдсангүй. Гэрэл ч аслаа. Мөн дуучин Ж.Алтанцэцэг “Бэлэг” дуугаараа бэлэг барьж, охинтойгоо хамтран дуулсан “Амин яриа”-гаа дэлгэв. Зочид нь “Эргэлтийн номын сан”-гийн тухай бодлоо хуваалцсаар, бахархсаар...