Нийгэм, эдийн засгийн, амьдрах орчны гээд олон төрлийн асуудлын улмаас иргэд стресст өртөн, бухимдах нь ихэссэн. Ийм нөхцөлд стрессээс зайлсхийх аргууд бий юү, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэрэг асуудлаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Намуунтай ярилцлаа.
-Стресс менежмент буюу стрессийг удирдах, зохицуулах талаар дэлхий нийтэд нэлээд ярих боллоо. Тэгэхээр стресс менежмент гэж юу вэ, үүнийг хэрхэн ойлгох вэ гэдгийг юуны түрүүнд асууя.
-Эхлээд стресс гэж яг юу болох, ямар учраас бид стресстдэг талаар тайлбарлах нь зүйтэй болов уу. Маш ойлгомжтойгоор хэлбэл, тухайн хүн зохицуулж чадах хэмжээнээсээ хэтэрсэн их ачаалал хүлээн авахаар стресс үүсдэг. Жишээ нь, урьдчилан төсөөлж, төлөвлөөгүй зүйлс тохиолдох, тухайн нөхцөл байдлыг удирдах боломж багасахад стресст өртөх нь элбэг. Түүнчлэн мэдрэмж, төсөөлөлд нь хэн нэгэн халдах үед стресстдэг хүн олон. Стрессийн мэдрэмжүүд нь угаасаа л бүх хүнд байдаг. Ямар нэгэн аюул тулгарлаа гэсэн мэдрэмж төрөх үед бие махбодоос үзүүлж байгаа хариу үйлдэл нь стресс гэж хэлж болно. Тэгэхээр хүн бүр тодорхой хэмжээгээр стресст өртдөг. Энэ нь өөрийгөө хамгаалах нэг төрлийн механизм болдог гэсэн үг. Ингэж үүссэн стрессийг тодорхой хэмжээгээр зохицуулж, эергээр гадагшлуулахгүй бол бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс стресс менежмент буюу стрессээ зохицуулах талаар танин мэдэх нь чухалд тооцогдож байгаа юм. Энэ бол бидний хувьд сэтгэл зүйн эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр. Юу таныг стресстүүлж байна вэ, үүнийг үүсгэгч хүчин зүйлс юу вэ, ямар эерэг үйлдлүүдийг хийснээр бэрхшээлээ шийдэж, зохицуулах вэ зэрэг арга техникийг стресс менежмент гэж тодорхойлж болно.
-Стрессээ удирдах оновчтой, олон хүнд ач тусаа өгдөг аргуудаас дурдаж болох уу?
-Стресстсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Учир нь зарим хүн ууртай, эсвэл стресстэй үедээ яагаад иймхэн зүйлд бухимдаад байгаа юм бол гэж гайхдаг. Улмаар өөрт төрсөн мэдрэмжээ үгүйсгэж, хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь буруу. Өөрт төрсөн мэдрэмж, стрессээ байгаагаар нь хүлээн авах нь таны сэтгэл зүйн ачааллыг багасган, хэн нэгнээс тусламж хүсэхэд илүү хялбар болдог. Таны бие махбод болон сэтгэл хөдлөл, мэдрэмжид ямар нөлөө үзүүлж байгааг анзаарч, тодорхойлох ёстой. Стресст өртсөн үед хүний бүх булчин чангардаг. Ялангуяа хүн өөрийн мэдэлгүй шүдээ зууснаар хацрын булчин чангардаг. Тиймээс чангарсан булчингаа суллах массаж хийх боломжтой. Бас хамгийн багадаа гурван минут бохь зажилж болно. Бохь зажлах нь стресс бууруулдаг гэж Английн Кардифф их сургуулийн профессор Андрев П.Смит 2016 онд хийсэн судалгаагаараа дүгнэсэн байдаг. Мөн таван секунд хамраараа амьсгалан, таван секунд түгжээд, дараагийн таван секундэд амаараа гаргах байдлаар багадаа 10 удаа амьсгалын дасгал хийх нь стрессийн үеийн булчингийн чангарлыг сулруулдаг. Гадуур алхах, эсвэл дасгал хөдөлгөөн хийх нь аз жаргалын даавар болох эндорфинийг ялгаруулж, стрессийг бууруулахад тусалдаг. Бас таныг юу хамгийн их стресстүүлж байгаа талаар бичиж, бодол болон мэдрэмжийн тэмдэглэл хөтлөөрэй. Энэ нь бодлоо цэгцлэхэд, мөн мэдрэмжээ гадагшлуулах хүчин зүйл юм. Хүмүүс өдөр бүр эерэг болон сөрөг мэдрэмжийг тодорхой хэмжээгээр авдаг. Тэдгээр мэдрэмжээ бусадтай хуваалцаж, гадагшлуулах нь стрессээ зохицуулахад чухал үүрэгтэй.
-Бидний гэр бүл, ажлын байр гэх зэргээр эргэн тойронд стресс ихтэй хүмүүс тааралддаг. Ийм нөхцөлд сөрөг хандлагатай, стресс ихтэй хүмүүсээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
-Эргэн тойрон дахь хэн нэгэн стресстсэн үед бид сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нь тухайн хүний өмнөөс удирдан, зохицуулж чадахгүй шүү дээ. Энэ нь биднээс хамаарахгүй асуудал гэсэн үг. Харин бид өөрсдөөсөө хамаарах зүйлсийг удирдан зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, бид аливааг харах өнцөг болон ямар нэгэн зүйлийг хүлээж авах байдлаа өөрчлөх юм. Аливааг харах өнцгөө өөрчилснөөр эргэн тойронд үүссэн стрессээс өөрийгөө хамгаалах боломжтой. Харах өнцгөө өөрчилнө гэдэг нь хандлагаа өөрчилнө гэсэн үг. Жишээ нь, таны ажлын хамтрагч бухимдалтай, эсвэл стресстэй байлаа гэж бодъё. Ийм үед та тухайн хүний бухимдал, стресст нь автах хэрэггүй. Харин тухайн хүн яг юу хүсээд байгаа вэ гэдэгт илүү төвлөрөх нь чухал. Тэр хүн магадгүй эргэн тойрныхноосоо анхаарал хүссэн байж болно. Эсвэл ажлаа сайн хийж байгааг нь сайшаасан дэмжлэг хэрэгтэй байж ч мэднэ. Мөн хэн нэгэнтэй ярилцах шаардлага тулгарсан ч байх магадлалтай зэргийг эргэцүүлж үзэх ёстой. Энэ нь тухайн хүнийг ойлгох гэсэн эерэг мэдрэмжийг төрүүлнэ.
-Ер нь стрессээс урьдчилан сэргийлэх аргууд гэж байдаг уу?
-Стресс нь бидэнд аюултай зүйлсийн талаар дохио өгдөг. Тиймээс бид стрессийг хэзээ ч мэдрэхгүйгээр, түүнээс ангид амьдрах боломжгүй. Харин үүнийг хүндрүүлэхгүйгээр зохицуулах боломж бий. Тэр нь өөрийгөө таньж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, би яг юу тохиолдсон үед илүү стресстдэг, тэр нь яагаад бухимдал үүсгэв, ийм үед ихэвчлэн ямар бодол, мэдрэмж төрдөг вэ, юу таныг тайвшруулдаг вэ гэх зэргээр өөрийгөө танин мэдэх нь чухал. Хүн бүрийн стресс тайлах арга нь ялгаатай. Зарим хүний хувьд ууланд алхах, спортоор хичээллэн хөлсөө гаргах нь үр дүнтэй. Харин заримд нь бодлын тэмдэглэл хөтлөх, бусадтай ярилцах, эсвэл чимээгүй ганцаараа эргэцүүлэх нь илүү үр дүнтэй байж болно. Тиймээс стресс үүсгэгчээ тодорхойлж, түүнээс гарах үйлдэл болон тайвшруулах аргаа олох хэрэгтэй.
-Монголчуудын дунд стресс их байна. Нийгмийн байдалтай холбоотойгоор олон нийт бухимдалтай байна гэж сүүлийн үед хүмүүс ярих болсон. Энэ талаарх судалгааг манай улсад хийсэн болов уу. Нөхцөл байдал ямар түвшинд байна гэж та дүгнэх вэ?
-Стрессийг үүсгэгч хүчин зүйлсийн дотор нийгэм, эдийн засгийн байдал ордог. Нийгэм, эдийн засгийн байдал тодорхойгүй байх тусам стресс үүсгэх магадлал нэмэгддэг. Гэвч Монголд энэ талаар хийсэн бүрэн хэмжээний судалгаа байхгүй учраас одоогоор нарийвчлан дүгнэх боломжгүй. Ер нь онолын үүднээс үзэхэд, хүн анхдагч буюу хоол хүнс, эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээгээ хангаснаар бусдыг хайрлах, өөрийгөө үнэлэх, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд тустай зүйл хийх боломж бүрддэг.
-Танай төвд хандсан үйлчлүүлэгчдэд стрессттэй холбоотой ямар асуудал, бэрхшээл голчлон тулгарч байна вэ?
-Нас насанд үүсдэг хямрал өөр. Тухайлбал, өсвөр насанд өөрийгөө тодорхойлох, би хэн бэ, юунд дуртай, дургүй вэ гэдгээ танин мэдэх нь чухал. Харин залуу насандаа бид бусадтай илүү өргөн хүрээнд харилцаж эхэлдэг. Үүнээс болж харилцааны зөрчлүүд их гардаг юм. Харин дунд насанд хэрхэн үр бүтээмжтэй ажиллаж, амьдарч байгаагаа эргэцүүлж, үүнтэй холбоотойгоор хямрал үүснэ. Насны онцлогоос үүддэг эдгээр хямрал нь тодорхой хэмжээгээр стресс үүсгэдэг.
-Олон улсын зарим мэдээлэл, судалгаанд стрессийн сайн тал гэдэг ойлголтыг онцолсон байдаг юм билээ. Стрессийг эергээр ашиглах ямар боломжууд байдаг бол?
-Ашигтай буюу бидэнд эерэг нөлөө үзүүлдэг стресс гэж бий. Тухайлбал, бид шинэ орчин, нөхцөлд ороход стрессийн даавар болох кортизол тодорхой хэмжээгээр ялгардаг. Энэ нь тухайн орчинд дасан зохицоход түлхэц болдог. Өөрөөр хэлбэл, стресс нь хүнийг шинэ орчин нөхцөлөө өөрт тухтай болгох үйлдлүүд хийхэд түлхэц болдог гэсэн үг юм. Нэг талаараа стресс бидэнд ашигтай нөлөө үзүүлж байгаа хэрэг л дээ. Стресс бидний мэдрэмжид хүчтэй нөлөө үзүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Үүнийг эерэг стресс гэж нэрлэдэг. Мөн стрессээ зохицуулахад суралцаж, өөртөө зөв дадал хэвшүүлэх нь бас эергээр нөлөөлж байна гэсэн үг. Харин стресс удаан хугацаанд үргэлжилбэл сөргөөр нөлөөлөх учраас өөртөө анхаарах, эсвэл мэргэжлийн хүнээс тусламж авах ёстой.
-Дэлхийн томоохон компаниуд ажилтнуудынхаа сэтгэл зүйд маш их анхаардаг, стрессийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг болсон байна. Ийм жишгийг манай улсад нэвтрүүлж буй байгууллага бий болов уу. Ингэж анхаарах нь ямар давуу талтай вэ?
-Байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр анхаардаг болсон. Тухайлбал, ажилтнуудаа жилд, эсвэл улиралд нэг удаа сэтгэл зүйн сургалтад хамруулдаг. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжоор хангадаг болж байна. Үүний зэрэгцээ хөдөлгөөн хийх орчин бүрдүүлж, теннисний ширээ байрлуулахын зэрэгцээ амралтын өрөө, цай уунгаа ярилцах хэсэг бий болгон, тохижуулдаг болжээ. Энэ нь стрессийг даван туулах, ядаж л мэдрэмжээ бусадтай хуваалцах боломж олгодог. Ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд ийм маягаар анхаарах нь байгууллагын ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг. Аль алинд нь харилцан ашигтай гэсэн үг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан сүүлийн хэдхэн жилд л Монголд танигдаж байна шүү дээ. Гэсэн ч байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд ийнхүү анхаарч, арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай.
-Олон улсад сэтгэлзүйч ажиллуулахтай холбоотой стандартууд байдаг. Монголд ямар стандарт байвал тохиромжтой вэ. Тухайлбал, хамгийн багадаа хэдэн ажилтантай байгууллага сэтгэлзүйчтэй байх ёстой бол. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Сүүлийн үед боловсролын сэтгэл судлаачдыг бэлтгэж, сургуулиудад ажиллуулж байна. Гэхдээ 1000 хүүхэдтэй сургуульд нэг сэтгэл судлаач ажиллах нь хэр үр дүнтэйг тооцох нь зүйтэй болов уу. Байгууллагын тухайд ажилтнуудынхаа тооноос хамаарч нийт хэдэн сэтгэл судлаач ажиллуулахаа тооцох хэрэгтэй. Хувийн туршлагадаа үндэслэн хэлэхэд, юуны түрүүнд сэтгэл судлаач ажиллах боломжтой орчин бүрдүүлэх нь чухал. Зөвлөгөө өгөх болон оффисын өрөөг нь тохижуулах хэрэгтэй. Жишээлбэл, сэтгэл судлаач дуу тусгаарлагчтай, стандартын дагуу тохижуулсан өрөөнд зөвлөгөө өгөх ёстой. Түүнчлэн өдөрт хамгийн ихдээ дөрвөн үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх боломжтой байдаг. Мөн байгууллагууд сэтгэл судлаачийн баримталдаг ёс зүйн зарчмуудыг сайтар ойлгох хэрэгтэй. Үүнээс болж үл ойлголцол гарах тохиолдол ч бий.
-Сэтгэл судлалын шинжлэх ухаан манай улсад дөнгөж л танигдаж эхэлж байгаа талаар сая та дурдсан. Үүний ач холбогдлыг илүү олон хүнд ойлгуулахын тулд юу хийх ёстой бол?
-Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт сэтгэл зүйн боловсрол олгох хичээл оруулах нь хүүхэд, залуучуудад ач холбогдолтой болов уу гэж харж байна. Учир нь бид өдөр тутамдаа өөрийгөө ч анзаарах завгүй ажиллаж, суралцаж байдаг шүү дээ. Өөрийгөө анзаарна гэдэг нь бодол, мэдрэмж, үйлдэлтэйгээ танилцана гэсэн үг юм. Ингэж өөрийгөө танин мэдсэнээр стрессээ удирдан зохицуулахад хүүхэд, залуус багаасаа суралцах боломж бүрдэнэ. Тиймээс л юуны түрүүнд сэтгэл зүйн боловсролыг хүн бүрт тэгш хүртээмжтэй хүргэх шаардлагатай.