ХБИ-ийг ажиллуулах давуу тал, хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад авах арга хэмжээ, ААНБ дахь тохирох хэрэглэгдэхүүний жишээг ашиглах зэрэг нөлөөллийн семинар зохион байгуулжээ. Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд уг ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинарыг хийжээ. Семинарын гол зорилго нь ААНБ, ажил олгогчдод ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг ашиглаж, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих зэрэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх юм. Энэ үеэр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой онцлох зүйл заалт болон хяналтын тогтолцоо, Япон улсын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн жишээний талаар мэдээлэл өгөв. Мөн төслийн ахлах зөвлөх Чиба төслийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Япон улсын “Мираиро” ХК-ын мэргэжилтэн багш нар “ХБИ-ийн ААНБ-д үзүүлэх үнэ цэнэ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж семинарт оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм. Семинарт ААНБ-уудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, ХБИ-ийн ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг сайжруулах практик сургалтаар тэргэнцэр, цагаан таяг ашиглан Японы ААНБ дахь тохирох хэрэглэгдэхүүний жишээг мэргэжлийн багшаар заалгаж багаар ажиллав. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, ХБИ-ийг ажиллуулах давуу тал, ХБИ-ийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын тулд авах арга хэмжээ, бизнесийн орчинд ХБИ-ийг тэгш хамруулах дэлхийн чиг хандлага зэрэг сонирхолтой илтгэл мэдээллүүдийг хүргэлээ.