Японы төв нутгийн нэг кг цайны навч 1.96 сая иенээр (15.5 мянган ам.доллар) зарагдсан нь ийм дуудлага худалдаа явуулсан хугацааны үнэмлэхүй дээд үзүүлэлт болжээ. Ийм дуудлага худалдаа жил бүрийн дөрөвдүгээр сард, тус улсын цайны шилдэг тариалантай Шизүока хотод болдгийг “Kyodo” уламжлав.
Өндөр үнэ хүрсэн ногоон цай нь өвөрмөц хурц амт, үнэртэй, онцгой гүн өнгөтэйг амталгаа хийсэн хүмүүс тэмдэглэжээ. Шизүокад болсон дуудлага худалдаагаар шинэ ургацын нэг кг цай дунджаар 5000 иен буюу 40 орчим ам.доллароор зарагджээ. Япон Улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дуудлага худалдаагаар алдартай бөгөөд энэ үеэр үнийн дээд амжилт тогтоох нь цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн оны долдугаар сард Каназава хотод болсон дуудлага худалдаагаар ховор сортын “Пимийн бадмаараг” усан үзмийн үнэ бараг 13 мянган долларт хүрсэн байна.