Хиймэл дагуулын эсрэг зэвсэг туршихыг Цагаан ордон хориглож байна гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис мэдэгдэв. Тус улс энэ алхмыг түрүүлэн хийж, бусад орноос ийм шийдвэр гаргахыг хүлээж буй аж. Тэрбээр Калифорни муж улс дахь сансрын хүчний Ванденберг баазад очихдоо ингэж хэлсэн байна. Түүний үзэж буйгаар хиймэл дагуулын эсрэг зэвсэг ашигласнаар үүссэн хог хаягдал нь АНУ-ын сансрын нисэгчид болон цэргийн ашиг сонирхолд заналхийлээд зогсохгүй арилжааны хиймэл дагуулуудыг гэмтээж болзошгүй юм. “Сагсан бөмбөгийн чинээ, цагт мянган бээрийн хурдтай хөдөлж буй сансрын хог хаягдал хиймэл дагуулыг устгана. Элсний ширхэгтэй тэнцэх хэмжээний хог хаягдал ч ноцтой хохирол учруулж болзошгүй” гэж тэрбээр хэлжээ.
Орос, Хятад хоёрыг хиймэл дагуулын эсрэг зэвсэг туршсан хэмээн АНУ шүүмжилдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орос улс амжилттай туршилт хийснээ зарласан. Тодруулбал, 1982 оноос хойш тойрог замд байгаа ч ашигладаггүй, тагнуулын “Целина-Д” хиймэл дагуулыг устгасан аж. Энэ нь Олон улсын сансрын станцын ойролцоо хог хаягдал хуримтлагдахад хүргэсэн гэж Вашингтон мэдэгдэв.
Бэлтгэсэн: З.АМГАЛАН