Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүнийг гишүүнээр томилдог. Мөн даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүнийг тус зөвлөлд томилох ёстой. Түүнчлэн ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүнийг томилохоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заажээ. Уг зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно. Үүний дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн, даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулаад буй. Өнөөдөр уг сонсголын талаар тайланг гаргах бөгөөд үүнийг тус байнгын хороонд хүргүүлэх юм.
Даатгуулагчийг төлөөлсөн хоёр гишүүнд нэр дэвшигчийг МҮЭХ-ноос санал болгожээ. Нэр дэвшигч З.Цогтгэрэл нь багш мэргэжилтэй, 2012 оноос Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байгаа бол Ч.Нарантуяа нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албыг хашиж буй аж. Нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэгтэй шинжээчээр ажилласан А.Батбаяр сонсголд танилцуулсан дүгнэлтдээ тэднийг тус зөвлөлийн гишүүнээр ажиллахад мэдлэг, мэргэшил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, туршлагын хувьд шаардлага хангасан, ёс зүйн ямар нэгэн зөрчилгүй хэмээн дурджээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын талаар анхан шатны мэдлэггүй байгааг онцолсон байна. Улмаар нэр дэвшигчдэд тавих шалгуурыг нарийн тогтоох, тэднийг нээлттэй сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бий болгох нь тус зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын ил тод байдлыг хангах, даатгуулагчдад ээлтэй, оновчтой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болсон билээ. Уг зөвлөл нь бүрэлдэхүүний хувьд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхтэй ижил ч тэднийг зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ удаа МҮЭХ-ноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баярааг нэр дэвшүүлжээ. Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн холбооноос “Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармааг нэр дэвшүүлсэн аж.