Иргэн, хуулийн этгээдүүд өөрийн нэр дээрх газрын бүртгэлийг тавдугаар сарын 1-ний дотор цахимаар бүртгүүлэх шаардлагатай болсон. Тавдугаар сарын 1-нээс уг бүртгэл бүрэн цахим хэлбэрт шилжих учраас ийнхүү иргэдийн мэдээллийг дахин бүрдүүлж байгаа гэж Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас өмнө нь мэдээлж байв. Бүртгүүлээгүй, хугацаа хоцорсон тохиолдолд кадастрын мэдээллийн санд орохгүй. Түүнчлэн иргэд газраа цахим системд бүрт гүүлж амжаагүй бол цаашид газартай холбоотой үйлчилгээ авч чадахгүй аж. Тиймээс л иргэд газартайгаа үлдэхийн тулд харьяа дүүргийнхээ Газар зохион байгуулалтын албанд урт дараалал үүсгэх болов.
Газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газар бүртгэлтэй байдаг аж. Гэтэл газар эзэмшүүлэх захирамж гарсан ч мэдээлэл нь кадастрын санд бүртгэгдээгүй байх тохиолдол гарсаар буй учраас бүртгэлийг дахин хийж байгаа гэж албаныхан тайлбарласан байдаг. Үүнтэй холбоотойгоор газраа дахин бүртгүүлэх, өөрийн нэр дээр байгаа, эсэхийг нягтлах гэсэн иргэд Газар зохион байгуулалтын ал бадад дугаарласаар байна. Нийслэлд төдийгүй орон нутагт ч нөхцөл байдал ийм байгаа гэнэ.
2018 оноос өмнө газрын бүртгэл цаасан хэлбэртэй байжээ. Харин тухайн оноос бүртгэлийг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж ирсэн аж. Гэсэн ч өдий хүртэл зарим иргэний газрын мэдээлэл зөрүүтэй, өөр хүнийхтэй давхацсан зэрэг цөөнгүй асуудал үүсжээ. Түүнчлэн иргэдэд газрын гэрчилгээ нь байгаа ч өнөөх цахим системээс нь ямар ч мэдээлэл гарч ирэхгүй, харьяа дүүрэгтээ очиж, цаасан материал шүүлгэхээс өөр аргагүй болж буй гэнэ. Үүний зэрэгцээ гадаадад байгаа иргэд ч газраа хэрхэн бүртгүүлж, баталгаажуулахаа мэдэхгүй болжээ.
Газрын цахим бүртгэл гэсэн нэртэй боловч ийнхүү иргэдийг чирэгдүүлж, бөөн бухимдал, хэрүүл үүсгэж байгаа нь ямар учиртай вэ. Манай улсад 2003 оноос хойш иргэдэд газар өмчлүүлж эхэлсэн. Үүнээс хойш 19 жил өнгөрчихөөд байхад газрын бүртгэл нь цэгцэрсэнгүй. Үе үед хүнд сурталтай хэмээн яригдаж ирсэн газрын албаныхны нөхцөл байдал, хандлага ч өөрчлөгдсөнгүй, иргэдийг бухимдуулсаар байна.