ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, тус улс руу экспортлох хэмжээг бууруулснаар Японд хуучин автомашины дундаж үнэ сүүлийн хоёр жилд анх удаа буурсан тухай “Yomiuri” сонин мэдээлэв. Өнгөрсөн хоёрдугаар сард уг үзүүлэлт 1.06 сая иен (одоогийн ханшаар 7.9 мянган ам.доллар) болсон нь дэлхий даяар хагас дамжуулагч хомсдож, үйлдвэрлэл буурсны улмаас шинэ автомашины нийлүүлэлт тасалдсантай холбоотой аж. Гуравдугаар сард үнэ 10 орчим хувиар буурч, 910 мянган иен буюу 7.1 мянган ам.доллар болсон байна. Тус улсад хуучин автомашины дундаж үнэ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард коронавирусийн цар тахал эхэлсний дараа буурчээ.
Сүүлийн саруудад худалдан авагчид шинэ машин удаан хүлээхгүйн тулд хуучныг сонгох болсон байна. ОХУ нь хуучин автомашины гол экспортлогч байсан боловч хориг арга хэмжээний улмаас Японы зарим компани ОХУ-д нийлүүлэх хэмжээгээ бараг 90 хувиар бууруулсан аж. Өнгөрсөн онд Японд хуучин автомашин 6.7, шинээс 4.5 саяыг борлуулжээ. Үүний 1.22 саяыг экспортод гаргаснаас 160 мянган машиныг (16.7 хувь) ОХУ-д нийлүүлсэн. АНЭУ-д энэ экспортын 13.3, Шинэ Зеландад 10.4 хувь ногдсон байна.