Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод хинду болон исламын шашинт залуучуудын хооронд болсон мөргөлдөөний үеэр 21 хүнийг баривчилжээ. NDTV-д цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр уг мөргөлдөөний үеэр найман цагдаа гэмтэж, нэг байцаагч сумны шарх авсан бөгөөд энгийн иргэд ч хохирсон гэнэ. Өнгөрсөн бямба гарагт Жахангирпури дүүргийн сүмд эхэлсэн мөргөлдөөний дараа өдөр нь нийслэлийн захын хэд хэдэн дүүргийг хамран үргэлжилсэн аж.
Энэ өдрүүдэд дээрх хоёр шашны баяр болж байсан. Цагдаа нар цугласан олныг тараахыг оролдсон ч хэт давруу үзэлтнүүд мөргөлдөж, харилцан өдөөн хатгасан хэмээн буруутгажээ. Дотоод хэргийн яам нь 10 мянга гаруй цагдааг нөхцөл байдал нь хурцадсан нийслэлийн захын Нойда, Газиабад дүүрэг рүү илгээснийг “Times of India” сонин уламжлав. Тэд машин бүрийг шалгаж, зочид буудал, худалдааны төвүүдэд нэгжлэг хийж байна. Нийгмийн сүлжээг хянах бүлгүүд байгуулсан гэнэ. 2020 оны хоёрдугаар сард нийслэлийн зүүн хойд дүүрэгт болсон шиг 53 хүний аминд хүрсэн шашны мөргөлдөөн давтагдахаас тус улсын эрх баригчид болгоомжилж буй.
Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн бусад хэсэгт, тухайлбал, Гужарат, Жаркханд, Баруун Бенгал мужид хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарах болжээ.