Курдистаны ажилчны намын босогчдын эсрэг Иракийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Үүнд тусгайгийнхан болон агаарын цэргийн хүчнийхэн оролцож байгаа тухай “Anadolu” агентлаг мэдээлэв.
Туркийн нисэх онгоцнууд Курдистаны ажилчны намын нуувч, хоргодох газар, хонгил зам, агуй, агуулахуудад цохилт өгсөн нь амжилттай болжээ. Энэ ажиллагааг террористуудын аюулаас улс орноо хамгаалахаар явуулж байна гэж Анкара тайлбарлав. Туркийн бай нь зөвхөн террористууд гэдгийг Батлан хамгаалах яам нь тэмдэглэлээ.Курдистаны ажилчны намыг Турк болон бусад хэд хэдэн оронд террорист хүчин гэж үздэг. Анкара тус намын эсрэг зэвсэгт мөргөлдөөнөө 1984 онд эхлүүлсэн бөгөөд 2015 онд сэргээсэн аж. Энэ хугацаанд тус намын 10 мянга гаруй гишүүнийг устгасан гэнэ. Үүний сацуу Туркийн мянга гаруй цэрэг, цагдаа уг мөргөлдөөний үеэр амь үрэгджээ.