Данийн исламын шашны эсрэг “Stram kurs” намын тэргүүн Расмус Палудан коран судрыг шатаасан, дахин шатаана гэж хэлсний дараа Шведийн хэд хэдэн хотод үүссэн эмх замбараагүй байдал дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна. Тус улсын хэвлэлд мэдээлснээр, цагдаа нар хүчирхийллийг таслан зогсоохыг оролдож, анхааруулах гал нээсэн Норчепинг хотод гурван хүн шархадсан гэнэ. Үймээний үеэр хэт барууны үзэлтнүүд ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан хотуудад, тэр дундаа Стокхолм, Линкопинг, Норчепингийн захын дүүрэгт 16 цагдаа шархаджээ. Мөн цагдаагийн зэрэг хэд хэдэн машин, автобус шатаасан хэрэг гарч, 25 хүнийг баривчилсан тухай Шведийн хэвлэлд бичсэн байна.
“Stram kurs” намаас Ландскрона хотод төлөвлөж байсан жагсаалыг хөрш Мальмёд зохион байгуулахаар болсноос үүдэн зодоон, эмх замбараагүй байдал үүсжээ. Шведийн цагдаагийн газрын мэдээлснээр, тус намыг эсэргүүцэгч зуу орчим хүн цагдаа нар луу чулуу шидэж, машин, дугуй, хогийн сав шатааж, замын хөдөлгөөнд саад учруулсан хаалт босгосон байна. Ландскрона хотод үймээн намжсан хэдий ч байдал хурцадмал хэвээр буй аж. Шведийн Үндэсний цагдаагийн газрын дарга Андерс Торнберг үг хэлэхдээ жагсагчид цагдаагийнхны аминд халдахыг завдсаныг мэдэгдээд, “Бид урьд нь эмх замбараагүй байдалтай тулгарч байсан. Гэхдээ энэ удаа нөхцөл байдал өөрөөр эргэсэн” гэжээ. Мөн ТТ агентлагт цагдаагийн төлөөлөгч Ким Хильдийн мэдэгдсэнээс үзвэл үг хэлэх эрх чөлөө хамгаалагдсан Шведэд “Stram kurs” намыг дэмжигчдийн жагсаал, цуглааныг хорихгүй аж. Коран судрыг шатаахыг эсэргүүцэн Иран, Иракийн эрх баригчид Шведийн Элчин сайд нарыг дуудсан байна. “Deutsche welle” агентлагийн мэдээлснээр Расмус Палудан өнгөрсөн ням гарагт Норчепинг хотод жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн нь түүний намыг эсэргүүцдэг, мусульман залуучууд голдуу цугларч, эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэсэн бөгөөд уг ажиллагаа нь хүчирхийлэл болон хувирчээ. Энэ үеэр алба хаагчид халдлагад өртсөний дараа анхааруулах гал нээсэн байна.
“Stram kurs” намын гишүүд үүнээс өмнө ч исламын шашны судрыг шатаана хэмээн сүрдүүлж, Шведэд хүчирхийлэл дэгдэхэд хүргэж байсан юм. 2020 онд Мальмё хотод болсон мөргөлдөөний үеэр жагсагчид машин шатааж, дэлгүүрийн цонх хагалсан юм. Мөн онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд суурилсан гэмт хэрэг үйлдсэний улмаас Дани улсад шоронд хоригдох ял шийтгүүлсэн Расмус Палудан Франц, Бельги зэрэг Европын бусад оронд исламын шашинтнуудын хувьд ариун судрыг шатаах ажиллагаа зохион байгуулахыг оролдож байжээ.