УИХ дах АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат энэ талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, манай улсын эдийн засаг стагфляцад ороход ойрхон болоод байгаа энэ үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнүүд хэр оновчтой, эсэх талаар ярилцсан байна. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж энэ талаар танилцуулга, мэдээллийг гишүүдэд өгсөн бөгөөд ойрын үед ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, хүнсний хомсдол нүүрлэх зэрэг эрсдэл байгааг анхааруулжээ. Үүний эсрэг боловсруулсан Засгийн газар, эрх баригчдын бодлого, арга хэмжээ туйлын сул, алсын хараагүй, үүсэж болох эрсдэлээ бүрэн тооцоогүй, суурь том асуудлуудаа шийдэх боломжуудыг олж харахгүй, аргацаасан шинжтэй байгааг сануулжээ. Бүлгийн дарга Д.Ганбат “Үнийг хуулиар тогтворжуулдаггүй юм, арга нь буруу байна. Засгийн газрын бодлого, арга хэмжээг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээг ургамлын тос, будаанаас гадна өргөн хүрээнд авч үзэх ёстой. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний зарцуулалтыг Засгийн газар дур мэдэн шийдвэрлэх ёсгүй. Энэ бол тухайн хувь хүнд л зориулагдсан мөнгө. Түүнчлэн Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. Төлсөн шимтгэлийнх нь 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа ч ажил олгогчдыг орхигдууллаа. Ийм үед зардлаа хэмнэх ёстой ч байгаа олсонгүй. Хил дээр үүссэн асуудлаа хурдан шийдэх ёстой. Төр, засгийн удирдлага нь хоёр хөршдөө яаралтай айлчилж, харилцан тохиролцох шаардлагатай. Олон улсын хамтын нйигэмлэгийн улсуудтай ч ойлголцох хэрэгтэй” гээд хавтгайрсан ч зохих эзэндээ хүрэхгүй байгаа халамжийн бодлогоо эргэж харахыг анхаарууллаа.
Мөн өнгөрсөн баасан гарагт баталсан Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай тогтоол хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцжээ. Хөгжлийн банктай холбоотойгоор байгуулсан хянан шалгах түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй тул хууль зөрчсөн гэж үзэж буй аж. Тодруулбал, тус түр хороо нь 11 гишүүнтэй бөгөөд ХҮН-аас Т.Доржханд, АН-аас хоёр гишүүнийг багтаасан гэнэ. Иймд УИХ-ын даргад хандан Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлэх нь зүйтэй гэв. Бүлгийн дарга Д.Ганбат “Эрх баригчид Хөгжлийн банктай холбоотой хэргийн шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллах ёстой ч ор нэр төдий хандаж байгаагийн илрэл нь энэ. Шаардлагатай бол түр хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдах ёстой” хэмээсэн юм.
Түүнчлэн ОXУ-ын Думийн гишүүн Константин Косачев өнгөрсөн долоо xоногт өгсөн телевизийн ярилцлагынxаа үеэр “АНУ Украинд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Цөөнхийн бүлгийн дарга “ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэлд манай тал анхаарах хэрэгтэй. Мөн АНУ-аас Монголд биолаборатори байгуулах тухай мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаад зогсохгүй хөндлөнгийн экспертүүдээр дүгнэлт хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Оросын албан тушаалтны хэлээд байгаа шиг лаборатори байгаа, эсэхийг нь тодорхой болгох ёстой. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ Жуковын хөшөөний дэргэд биолабораторитой холбоотой уриа, лоозон барьж жагссан иргэдээс мэдүүлэг авах нь зөв. Тэд хаанаас тийм мэдээлэл авсныг нь тогтоох шаардлагатай” гэлээ.