Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийнханд охинтой болохын ач тусыг харуулсан сурталчилгаа үзүүлж эхэлжээ. “Охид амьдралд аз жаргал бэлэглэдэг” гэсэн утга бүхий энэ зар сурталчилгааг тус мужийн томоохон телевизүүд үнэ төлбөргүй гаргаж байна. “Охидыг аварцгаая” нэртэй сурталчилгааны кампанит ажилд сонин хэвлэлийнхэн ч бас нэгдэж байгаа гэнэ.
Тус улсад охиноо нөхөрт гарахад их хэмжээний инж бэлддэг заншил ядууст бүү хэл дундаж орлоготой хүмүүст ч хүндрэл учруулдаг, харин хөвгүүд эцэг эхээ асрах, гэр бүлээ авч явах үүрэгтэй. Энэтхэгчүүд охин хүүхэд төрүүлэхийг хүсдэггүй нь хүйсийн харьцаа алдагдах, үр хөндөлт, хүүхдээ хөнөөх зэрэг сөрөг үзэгдэлд хүргэж байна.
Энэ бүхнийг таслан зогсоохын тулд өрнүүлж буй энэ аянд мужийн захирагч ч идэвхтэй оролцож байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард гаргасан статистикаас харахад Энэтхэгт 1000 хөвгүүнд 914 охин ногдож буй.
Х.ОД