Германы Bild сонины сурвалжлагчийн асуултад Украины Ерөнхийлөгч хариулахдаа Европын нэг улсын удирдагч Буча хотод болсон үйл явдлыг тайлбарлахдаа энэ нь зохиомол биш гэдгийг нотлохыг Украинаас шаардсаныг хэлсэн байдаг. Чухам хэн шаардсаныг Владимир Зеленский тодруулж хэлээгүй ч энэ нь батлагдаагүй яриагаар бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан байсан бололтой.
Украинд Өрнөдийн хандлага хоёрдмол агуулгатай болж байна. Майданы “бал сар”- аас хойших хэдэн жилд хандлага ийм байсан бөгөөд Киевийн авлига, идэвхгүй, бүтээлч бус, яриа хэлэлцээр хийх чадваргүй байдлаас нь Европ хийгээд АНУ залхсан байв. Гэтэл Оросын тусгай ажиллагаа хуримтлагдаж байсан сөрөг хандлагыг арчиж хаяад Украиныг Оросын колонийн дарлалаас бүрмөсөн гарахын төлөө, ардчиллын төлөө, Европын холбоо, НАТО руу тэмүүлсэн Европын нэг улс болгож орхив. Тэгээд Киев ёс суртахууны халуун дэмжлэг авч буй төдийгүй, эднийд зэвсэг ч нийлүүлэх болов. Украины Ерөнхийлөгч болсон явдлын тухай ярихдаа Европын нэг удирдагчийн увайгүй үгний төлөө өөрийн орон руу хүмүүсийн өрөвдөх сэтгэл хийгээд жигшил зэвүүцлийг татах зорилго өвөрлөж байлаа. Ер нь ч Украин худал мэдээлэл зогсолтгүй үйлдвэрлэж байдаг улс гэгдэх болсон юм. Өрнөдийн хүмүүс удалгүй илэрдэг түүний хуурмаг мэдээллийн золиос олонтоо болсон. Ийм нөхцөл байдалд Бучад болсон үйл явдлын үнэн мөнийг бусдын нүдэн дээр нотлоод өгөхийг шаардаж буй нь зүй ёсны хэрэг. Краматорскод болсон эмгэнэлт явдалд Өрнөд илт хайхрамжгүй хандаж байгааг нь ч үүнд хамааруулж болохоор. Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах ажиллагааны дүнд Краматорскод Украины арми цохилт өгсөн болох нь тодорхой болсон тухай материалыг хэсэг хугацаа өнгөрөхөд дэлхийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны сонорт хүргэх ч юм бил үү. Оросын олзлогдсон цэргүүдэд Украины армийнхан хэрхэн хандаж буйг харуулсан цахим бичлэг бодитой болохыг хэдхэн өдрийн өмнө The York Times сонинд нотолсон. Цэргийн олзлогдогсдын эрхийг хүндэтгэн сахихаас Киев татгалзаж байгааг Өрнөдийн хэвлэлүүд өөрийн эх сурвалжид үндэслэн мэдээлсэн билээ. Тэгэхдээ Өрнөдийн хандлагад ажиглагдаж буй энэ мэт хувирлыг мэдээллийн дайнд ороход ойртож байгаа гэх юм уу, Оросын үйл зөв болохыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа мэтээр үзвэл зарчмын томоохон алдаа болно. Украины тухайд Өрнөдийн бодлогод гарч буй өөрчлөлт өөр утга учиртай, огт өөр зорилго өвөрлөж буй юм. Одоогийн нөхцөлд Украин Зүүн Европын “Исламын улс”, тодруулбал Сирид Өрнөд идэвхтэй баримталж байсан шиг “аядуу сөрөг хүчин” болж орхиод байна. Европын холбоо НАТО руу тэмүүлсэн ардчилсан улс байснаа Украин одоо зэрлэг, ёс суртахууны хязгааргүй харгис хэрцгий байдал ноёлсон, аливаа хэм хэмжээ, соёлт нийгмийн дэг журам мөрддөггүй бүдүүлэг орон болж хувирав. Ний нуугүй хэлэхэд Украин маань европчууд хийгээд америкчуудын нүдэн дээр Афганистан, Ирак, Ливи болчихлоо. Харгис бүдүүлэг, хүмүүн бус хэрцгий, соёлт ертөнцийн ямар ч норм, дэг журмыг хүлээн зөвшөөрдөггүй Украин Өрнөдийн хувьд Оросын эсрэг ихээхэн үр ашигтай зэвсэг нь болж орхилоо.
Сүүлийн үед Өрнөдийн улстөрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Дэлхийн III дайн нэгэнт эхэллээ” гэж улиглах болов. Цаашдаа энэ үзэл санаанд дасаж, Оросын эсрэг Өрнөд цөмийн дайн дэгдээх нь гарцаагүй гэсэн дүгнэлттэй эвлэрэх нь л дээ. Тэгэхдээ хэдийн эхэлсэн гэх нийтийг хамарсан үзэл бодол шинэ юм биш. Тухайлбал, Ромын хамба лам Франциск “Дэлхийн гуравдугаар дайн энд тэнд болж байна” гэж 2014 онд мэдэгдэж байсан юм. Одоо Украинд Оросын тусгай ажиллагаа эхэлснээр Киевийн дэглэмд туслах гэсэн Өрнөдийн хамтын хүчин чармайлтаар энэ тухай маш их ярих боллоо. Британийн “The Independent” сонины редакцын өгүүлэлд Оростой тогтоосон худалдааны харилцаагаа бүрмөсөн таслахын чухлыг өгүүлээд, түүнийгээ “Дэлхийн III дайн эхэлснээр” тайлбарлан дүгнэлт хийсэн байна. Энэ бол хэн нэг шинжээчийн юм уу, улстөрчийн хувийн бодол биш, тухайн хэвлэлийн газрын хамт олны бодол гэдгийн онцлоё. Тус сониныг өмчлөгч нь саяхнаас Сибирийн барон гэх хэргэмтэй болсон Оросын уугуул Евгений Лебедев гээч байгаа нь гайхалтай.
Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр тутмын нийтлэлдээ Оросыг үзэн ядах уур амьсгал шингээж, мэдээллийн дайнд хувь нэмрээ оруулж байна. Тэдгээрт “Орос ялагдах ёстой. Зөрчил тэмцлийг шатлан өргөжүүлэхээс өөр сонголт АНУ, түүний холбоотнуудад байхгүй” гэх агуулгыг тарни мэт давтана. Орос ялагдах тухай яриад байх мөртөө Украин ялах талаар ер ярихгүйг нь бодохоор Өрнөдийн улстөрчдийн олонх нь түүний хувь заяа руу нулимж байх мэт. Чухам үүнээс л Борис Жонсоны “Украинчууд сүүлчийн дусал цусаа дуустал тулалдах ёстой” гэсэн жанжин шугам нь гарч ирж байна. Хэвлэлд ийм хийрхэл дэгдээхийн хэрээр янз бүрийн түвшний шинжээчид Өрнөд болон Орос энх тайванаар зэрэгцэн орших боломжийг үгүй хийж байгаа юм. “Орос ялчихвал яах вэ” гэх өдөж сэдсэн асуулт их тавьж байна.
НАТО-гийн орнууд хийгээд Оросыг шулуухан цэргийн мөргөлдөөнд турхирсан Европын болон Америкийн улстөрчдийн хариуцлагагүй үйлдлийг бид байнга ажиглаж байна. Киевийн дэглэмийн тэргүүн Владимир Зеленский цахимаар дэлхийн улсуудын парламентад зочлонгоо “Украины тэнгэрийг хаахыг” уриалаад байгаа нь чухам энэ тухай хэлээд байгаа хэрэг. Европ зүгийн шогч шүүмжлэгчид түүний үгээ хэлдэг нэвтрүүлгийг “Дэлхийн III дайныг уриалан дуудсан” гэж нэрлэж буй нь санамсаргүй явдал биш. Инээмдийн жүжигчин байсан энэ эр саяхан Америкийн CBS телевизийн сувгийн “60 минут” хөтөлбөрт оролцохдоо “Украины тэнгэрийг хаагаад өгөөч” хэмээн Өрнөдөөс шалахдаа ийм эрсдэл байгааг ойлгож буйгаа илэн далангүй хүлээн зөвшөөрнө лээ. Гэтэл түүний энэ ухаалаг бус уриаг Америкийн Конгрессын хэд хэдэн гишүүн төдийгүй Оросыг онцгой үзэн яддаг Европын парламентууд шүүрэн авлаа. Украинд НАТО-гийн “энхийг эрхэмлэгч тодорхой тооны цэрэг” оруулах талаарх Польшийн Засгийн газрын санаачилга ч ялгаагүй нийтийг хамарсан зөрчил тэмцлийг эхлүүлэх гэсэн санаархал юм. Энэ мэт түрэмгий төлөвлөгөөг өөгшүүлж, Оросын эсрэг үзэл сурталчид учрах эрсдэлийг бага мэтээр ойлгуулахыг хичээх болов. “Украинд нислэг үйлдэхгүй бүс бий болгохоос татгалзах нь зөв байж болох ч НАТО-гийн орнуудад ногдох эрсдэлийг тэр хэрээр нэмэгдүүлнэ. Гэхдээ дэлхийн III дайнд хүргэж болзошгүй гэх үзэл нь түүнийг үгүйсгэж, сул доройг гэрчилнэ” гэж Брет Стивенс “The New York times” сонинд бичжээ. Өөрийнхөө үгэнд нотолгоо болгож Зөвлөлтийн нисгэгчид Умард Солонгосын талд америкчуудын эсрэг тулалдаж байсныг эргэн санууллаа. Тэрбээр Оросын ялалтыг ямар ч аргаар болов зогсоох хэрэгтэй гэсэн дүгнэлт хийв. “Ямар ч аргаар болов” гэдэг нь “цэрэг, дайн”-ы гэсэн үг. Оросын эсрэг үзлийг туган дээрээ хадсан Америкийн хэвлэлийн хариуцлагагүй нийтлэлчдийн тухай яривал дуусахгүй. Европын дипломат бодлогын тэргүүн Жозеп Боррель зөрчлийг гагцхүү “Байлдааны талбар дээр” шийдэхийг ил уриаллаа шүү дээ. Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Оросын хилийн хажууд танкаар морилж ирсэнд бид гайхах юм байхгүй. Гэхдээ Боррелийн үйлдлийг Сергей Лавров “Арай л хэтэрлээ” хэмээн тэмдэглэсэн.
Дэлхийн дайн зайлшгүй төдийгүй хэдийн эхэлчихсэн гэсэн дүгнэлтийг Өрнөдийн жирийн иргэдэд ухуулж байна. Австралийн нэртэй шинжээч Стен Грант дайн “алгуур дэглэмээр” явж байгаа бөгөөд жирийн иргэдийн амьдралд тасралтгүй нөлөөлж, Өрнөдийн орнуудын амьдралын түвшин доошилж байгааг үүгээр тайлбарлана гэж мэдэгдлээ. Тэрбээр Дэлхийн II дайнаар жишээ татаж энэ нь Герман 1939 онд Польш руу довтолсноор биш, Хятадыг Япон эзэлж авснаар эхэлсэн гэж өөрийн бодлыг нотлохыг оролдлоо.
“Los Angeles times” сонин уншигчдаас нь ирсэн захидлыг тоймлохдоо мөн л Дэлхийн дайнтай холбов. Захидлуудын нэгэнд нь “… Дэлхийн III дайн нэгэнт эхэлчихсэн, бид түүнд ялагдаж болохгүй. Путиний бардам занг дарж Украины бүрэн ялалтад НАТО-г оролцуулахын тулд Байден цөмийн зэвсгээ ашиглах ёстой” гэж бичсэн байжээ.
Оросын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриа сонсогдох нь олширч, бүр ердийн зүйл мэт болж ирлээ. Америкийн Сенатын гишүүн Рожер Уикер Орост анхааруулах цохилт өгөхийг уриалж байсныг бид мэднэ. Германы Батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп-Карренбауэр “Оросыг цөмийн зэвсгээр тогтоон барих” талаар ч ярьж байсан удаа бий. Өнөөгийн нөхцөл байдал шинэ юм биш. 1945 оноос хойших бараг бүх цэрэг дайны зөрчилдөөн Дэлхийн III дайн эхэлж байгаа гэх юм уу, ид дундаа байна гэх айдас хүйдэс төрүүлсэн мэдэгдлийг үгүй хийх үйлдэл араасаа дагуулж ирсэн юм. Солонгос, Вьетнамын дайны үед, Карибын хямралын өдрүүдэд ч ийм л байсан. Афганистанд ЗХУ байлдааны ажиллагаа эхлүүлэхэд Өрнөдийн хэвлэлүүдэд “Дэлхийн III дайн эхэлчих нь энэ үү”, “Дэлхийн III дайн байж болзошгүй” гэх маягийн гарчиг үзэгдэх болсон. Цэрэг дайны томоохон цар хүрээтэй үйл явдал эхлэхтэй холбоотойгоор болгоомжлол сэрэмжлэл ихэсдэгийг ойлгож ядах юм үгүй. Оросын тусгай ажиллагааг Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоогоор хэрхэн мэдээлж байгааг өнгөрсөн цаг хугацаатай харьцуулбал нөгөө болгоомжлол нь хойш тавигдсаар байна.
Украиныг зэвсгээр угжих нь Өрнөдийг тавьсан зорилгод нь ойртуулах биш, том сүйрлийн эрсдэлийг л нэмэгдүүлж байгааг нийгэмдээ ойлгуулахыг хичээдэг хүн тун цөөн байна. Гэвч сэрэмжлүүлсэн энэ сулхан дуу хоолой “Оросыг ялахыг Өрнөд зөвшөөрч болохгүй” гэсэн тарни шившлэгт замхарч байна. Түүгээр ч барахгүй юуны ч өмнө зогсохгүй байхыг уриалж байна. Аюулыг мэдрэхээ байж Дэлхийн III дайныг дэгдээчихгүйн тулд хаа нэгтээ зогсох хэрэгтэйг ойлгохоо байсан нь Оросыг үзэн ядуулах суртал нэвтрүүлгийн өнөөгийн хандлагын гол аюул юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант