Завхан аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”-ийн ахлагч Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын хамт Завхан аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллав. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Түүнчлэн Аймгийн Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж "Хүүхэд бүр нь аз жаргалтай, хүчирхийлэлгүй, оюунлаг Завханчууд" болох зорилтыг хэрэгжүүлэх шийдвэрээ зарлажээ. Үүний дараа УИХ дахь “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”-ийн ахлагч Б.Баярсайхан аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Улмаар хүүхдүүд хүчирхийлэлгүй, оюунлаг Завханд зорилтод нэгдэж дуу хоолой болон ажиллахаа илэрхийлсэн байна.