Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад шинжлэх ухааны үндэслэлтэй тооцооллыг ашиглах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг хөгжүүлж үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн боллоо. Системийн динамик загварыг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн багш, дэд профессор Б.Ууганбаяраар ахлуулсан зөвлөх баг боловсруулсан юм. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн удирдлага, ажилтнуудад уг загвараар тооцсон зарим туршилтын үр дүнг танилцуулан, загварыг хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга болон ХНХСИ-ийн удирдлагууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, зөвлөх багийн бүрэлдэхүүн оролцов. Цаашид ХНХСИ загварыг хөгжүүлсэн зөвлөх багтай тодорхой хугацаанд хамтран ажиллаж хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик тоон мэдээлэл болон загварын тооцооллын нарийвчлалыг сайжруулахад анхаарч ажиллахаар болов. Энэхүү динамик загварыг Монгол Улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн төлөвийг тодорхойлон бодлого, шийдвэр гаргахад ашиглахаас гадна их дээд сургуулийн багш, оюутан, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, иргэдэд нээлттэй байдлаар ашиглах боломжийг бий болгохоор зорьж байна.