Улсын хэмжээнд нийт 49 цэгт энэ сарын 2, 3-нд зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарчээ. Шалгалтад 37 375 хүн оролцохоор бүртгүүлсэн байснаас тухайн өдрийн ирц 95 хувьтай бүрдсэн аж. Боловсролын үнэлгээний төвийнхний мэдээлснээр үүнд нийт 33 138 шалгуулагч хамрагдсанаас 45 нь хамгийн дээд буюу 800 оноо авсан бол 5000 нь тэнцээгүй гэв. Энэ удаагийн шалгалтын үеэр шалгуулагч өөрийн баганан кодыг зааснаас өөр газарт наасан зөрчил багагүй гарчээ. Тодруулбал, буруу газарт наасны улмаас шалгалтын дүн гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэн аж. Ийм шалтгаанаар 95 шалгуулагчийн дүнг нэгбүрчлэн тулгаж, оноог залруулаад Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн системд оруулжээ. Тиймээс тэдгээр шалгуулагчийг энэ сарын 17-ны 09.00 цагаас хойш тус төвийн сайтаас дүнгээ харж, батламж хуудсаа хэвлэж авахыг тухайн газраас мэдээлээд, чирэгдэл учруулсан явдалдаа хүлцэл өчжээ. Харин босго оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтад оролцож амжаагүй тохиолдолд тавдугаар сарын 7-нд авах дахин шалгалтад хамрагдаж, оноогоо ахиулах боломжтой аж. Үүний тулд дөрөвдүгээр сарын 20 хүртэл шалгалтын бүртгэлд хамрагдах ёстой.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн шалгалтыг өнжсөн. Тэгвэл энэ оны хувьд хоёр удаа авахаар журамлаж, үүнийг уламжлал болгохоор тогтсон. Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд ч өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, нэмэлтээр арванхоёрдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалт авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлттэй болох аж. Өвөл зохион байгуулах шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон зуныхад хамрагдаж чадаагүй төгсөгчид оролцох боломжтой.
Бэлтгэсэн: Э.Хана