Шри Ланкагийн эмнэлгүүдэд импортын хэрэгсэл, эм тариа дууссаныг Эрүүл мэндийн нийгэмлэгээс нь мэдээллээ. Тус улсад мэдээ алдуулах эмийн нөөц дууссаны улмаас өнгөрсөн сард төлөвлөгөөт хагалгаа хийхээ зогсоосон байна. Ойрын өдрүүдэд гадаадын нийлүүлэлтийг сэргээхгүй бол эмнэлгүүд яаралтай хагалгаа хийх боломжгүй болж, нас баралтын тоо эрс нэмэгдэж, цар тахлын үеийнхээс хамаагүй давна гэж эмч нар хэлжээ. “Бид маш хэцүү сонголт хийхээс өөр аргагүйд хүрлээ. Эмчилгээ хийх, хийгүй байхыг шийдэх ёстой болж байна” гэж “Guardian” сонинд Эрүүл мэндийн нийгэмлэгийн төлөөлөгч мэдэгдэв.
Шри Ланка орчин үеийн тусгаар тогтносон улсын хувьд түүхэндээ хамгийн том эдийн засгийн хямралыг туулж байна. “Ковид-19” цар тахлын улмаас тус улс жуулчингүй болж, улмаар импортын барааны төлбөрт өгдөг гадаад валютын урсгал нь зогсжээ. Хоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасалдаж, зайлшгүй шаардлагатай бараа, бүтээгдэхүүний үнэ хурдацтай өссөн байна. Гадаадын улсуудтай худалдаа хийгээд ч төлөх долларгүй болсон Шри Ланкад импорт нь бараг зогссон гэнэ. Тус улсад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хоёр сар үргэлжилж байна. Иргэд нь Засгийн газар болон одоогийн Ерөнхийлөгч Готабай Ражапаксаг хямралын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүйд буруутгах болжээ. Жагсагчид, цагдаа нарын хооронд байнга мөргөлдөөн гарч байна.
Өнгөрсөн долоо хоногт Шри Ланкагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, Төвбанкны тэргүүн огцорсон. Зөвхөн Ерөнхийлөгч Г.Ражапакса болон түүний ах, Ерөнхий сайдын албыг хашиж буй Махинда Ражапакса нар л албан тушаалдаа үлджээ. Одоо Засгийн газар нь ирэх гурван жилийн хугацаанд Олон улсын валютын сангаас гурван тэрбум ам.долларын тусламж авахыг оролдож байгаа ч дефолт буюу гадаад өрөө төлж чадахгүй болсноо зарлалаа.