Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарын цугларалт эхэллээ. Цугларалт “Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 2022 оны үйл ажиллагааны зорилго, зорилтыг ханган, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх” сэдвийн хүрээнд хоёр хоногийн турш болно. Энэ удаагийн цугларалтаар штабын бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдал, албаны нэр хүнд, сахилга хариуцлага, ёс зүй, хандлага, бүтээлч байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ. Үргэлжлүүлэн тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтэс болон бусад албаныхан Хуурай замын цэргийн бэлэн байдлыг хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, харьяа нэгтгэл, ангиудаас боловсруулах удирдлага, төлөвлөлтийн баримт бичиг, сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулахад штабын дарга нарын үүрэг, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх зөвлөл”-ийн 2022 онд дэвшүүлсэн зорилго, түүнийг хэрэгжүүлэх арга зам зэрэг олон сэдвээр мэдээлэл хүргэж, харилцан ярилцаж байна.
Ташрамд онцлоход, Хуурай замын цэргийн 2022 оны зорилго нь “Мэдлэг, дадлага, чадварт суурилан Хуурай замын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх” бөгөөд энэ хүрээнд 4 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Үүнд, Хуурай замын цэргийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг цэргийн захиргааны удирдлагаар хангана. Цэргийн сургалтыг мэдлэг, дадлага, чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд чиглүүлэн явуулж, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэн, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангана. Төрийн үйлчилгээ бүх талын хангалтыг тасалдалгүй зохион байгуулж, цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, алба хаах орчныг сайжруулна. Хуурай замын цэргийг улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалт, байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангахад оролцуулна гэсэн зорилтууд багтаж байгаа юм.