Гавьяат нисгэгчдийн эгнээг тэлж, өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчөөс эрхэм хүндтэй шагналаа гардсан Таштуаны Ауезтай ярилцлаа. Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 37 жил ажиллахдаа олон зүйлийн анхдагч болж, залуу үеэ дадлагажуулан бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа тэрбээр “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн болон “Боинг 737-300” агаарын хөлгийн дарга.
Түүний аав Гавьяат нисгэгч Т.Таштуаны үеэл Жайсанов (1910-1967) мөн л Гавьяат нисгэгч бөгөөд Монгол Улсын нисэх хүчний анхны генерал юм. Түүнчлэн удмынхаа гурав дахь үеийн Гавьяат болсон Т.Ауезын төрсөн дүү Т.Есболат МИАТ-ийн туршлагатай нисгэгчдийн нэг.
-Ниссэн цагаар тань тооцоолоход амьдралынхаа хоёр жил хагасыг хөлгийн жолооны ард, тэнгэрт өнгөрүүлжээ. Ингэж хэдэн зуун сая км зам туулж, мянга мянган хүнийг аюулгүй тээвэрлэснээс гадна цар тахлын нөхцөл байдалтай өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд ачаа тээврийн 45 удаагийн тусгай үүргийн нислэгт явсан байна. Ер нь аливаа нислэгийн үед таны баримталдаг зарчим юу вэ?
-Бидний ажлын гол зорилго, үүрэг нь нэн тэргүүнд аюулгүй байдал. Зорчигчдыг аюулгүй, эрсдэлгүй, тав тухтай тээвэрлэх нь агаарын хөлгийн баг хамт олон, МИАТ компани, цаашлаад энэ салбарынханд бүгдэд хамаатай асуудал. Энэ бол аль ч улсын иргэний агаарын тээвэрт баримталдаг гол зарчим, чиг шугам.
-Та өнгөрсөн долоо хоногт “Эмнэлгээр яваад завгүй” гэж байсан. Агаарын хөлгийн багийнхны ээлжит үзлэгтээ хамрагдсан юм уу?
-Агаарын хөлгийн багийнхан, тэр дундаа нисгэгч нар шууд утгаараа хүмүүсийн амь хариуцаж явдаг. Тиймээс бие эрүүл, ухаан саруул байх ёстой. Манай нисгэгчдийн хувьд 50-иас доош настай нь 12 сар, үүнээс дээш настнууд нь хагас жил тутамд эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд хамрагдах журамтай. Эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй гэдгээ нотлоод нисэх эрхтэй болдог. Ингэж эрүүл гэдгээ шалгуулж, батлахаас гадна тухайн хөлгийг, жишээлбэл, “Боинг”-ийг жолоодох зөвшөөрөл авахын тулд мөн л зургаан сар тутамд олон улсын түвшинд шалгалт өгдөг. Мэргэжлийнхний нэрлэдгээр дадлагажуур буюу яг л бодит онгоцны удирдлагын самбар бүхий орчинд шалгалт авдаг. Ийм зөвшөөрөл авахын тулд тухайн иргэний агаарын тээврийн компани нь төлбөрөө хийгээд нисгэгчдээ явуулдаг юм. Жишээ нь, би саяхан Бельгийн Брюссель хот дахь “Боинг” компанийн дадлагажуулах төвд очиж, шалгуулаад, “Боинг 767” онгоц жолоодох зөвшөөрлөө авсан. Энэ зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа хагас жил, үүнээс нэг ч өдөр илүү нисэх эрхгүй. Дараа нь дахиж шалгалт өгөөд, жолоодох эрхээ баталгаажуулна гэсэн үг. Эрүүл мэндийн үзлэгийн хувьд ч ялгаагүй заасан хугацаанаас хэтрэх л юм бол нисгэхгүй журамтай.
-Дадлагажуурын бүхээгт адал явдалт кино шиг л амь өрссөн зүйл их өрнөдөг талаар нисгэгчдийн ярихыг сонссон. Хөдөлгүүр доголдвол яах вэ, цаг агаарын гэнэтийн онцгой нөхцөлд хэрхэн ажиллах зэргээр янз бүрийн даалгаврыг угсруулан өгдөг гэсэн. Та энэ удаагийн шалгалтад ямар даалгаврууд гүйцэтгэв?
-Онгоцонд гарч болзошгүй бүх эрсдэлийг тооцоолон багш даалгавар өгдөг юм. Таамаглах аргагүй олон сорилттой тулгарна. Энэ удаа миний гүйцэтгэсэн даалгавруудын нэг нь агаарт мөстөлтийн бүсэд орвол яах вэ гэдэгтэй холбоотой байсан. 2020 онд Сөүлээс хөөрсөн МИАТ компанийн “Боинг 737” онгоцны нэг хөдөлгүүрт асуудал үүссэний улмаас Бээжинд техникийн буулт хийсэн. Уг онгоц нүдэнд харагдахгүй мөстөлтийн бүсэд орсны улмаас хөдөлгүүр нь доголдож унтарсан байж болзошгүй гэж шинжээчид дүгнэсэн. Ер нь тухайн компани өөрийн практикт тулгарсан алдаа, осол, гэмтэл зэрэгт үндэслэн трэйнингийн хөтөлбөр боловсруулдаг. Дахин ийм тохиолдол гарвал яах вэ, алдаагаа давтахгүйн тулд юунд анхаарах вэ гэх мэтээр хөтөлбөртөө тусгадаг гэсэн үг. МИАТ компани аюулгүй ажиллагаандаа маш их анхаарч, тэр хэрээр мөнгө зарж боловсон хүчнээ сургаж, дадлагажуулж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг сүүлийн үед шинэчлэгдэн, залуужсан удирдлагууд маань улам өргөжүүлж байгаад талархдаг.
-Цар тахлын үед МИАТ иргэдээ гадаадаас авч ирэхийн зэрэгцээ шинээр цөөнгүй чиглэлд нислэг үйлдсэн. Хэдэн орон руу шинэ зам гаргасан байна вэ?
-Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл байдалд МИАТ компани гадаадын улс орнуудаас иргэдээ авчрахын зэрэгцээ Австрали, Франц, Дани, Нидерланд, Германы хэд хэдэн хот болон Америк руу хоёр удаа хүмүүнлэгийн тусламж хүргэхээр шууд нислэг үйлдсэн. Хамгийн сүүлд гэхэд хоёр сарын өмнө Бруней рүү анхны нислэгээ хийсэн байна. Энэ мэтээр 10 орчим чиглэлд зам гаргажээ.
-Нисгэгчдийг харахад гоё хувцастай, гадаад руу байнга явдаг гэхчлэн “атаархах” нь бий. Үнэндээ бол дэлхийн хамгийн хүчир хөдөлмөрийн тоонд нисгэгчийнх багтдаг. Та ажлынхаа “хэцүүг” товчхон тодорхойлооч?
-Тархиа байнга цэнэглэж, сурсан мэдсэнээ үргэлж сэргээж, шинэчилж, уншиж, судлах зайлшгүй шаардлагатай ажил. Хэдэн зуун зорчигчийн амь амьдрал тээж яваа нисгэгч бидэнд мэдэхгүй байх, мартаж санах, эргэлзэж тээнэгэлзэх, алдаа гаргах эрх байхгүй. Нисэх онгоцыг удирдан залж яваа хүний өчүүхэн алдаа ч хүмүүсийн амьтай холбоотой учраас өөрийгөө байнга дайчлан уншиж, судалж, “зэврэхгүй” байх тал дээр анхаарах ёстой, энэ бол үүрэг. Энэ утгаараа тархиа амраах “эрхгүй”. Сүүлийн үеийн онгоцнуудын механик ажиллагаа нь бага болсон. Цагт 800-1000 км хурдтай явж байгаа, автомат системтэй онгоц жолоодож буй хүн түүнээс давсан хурдтай сэтгэж, бодоод шууд компьютерт команд өгдөг. Жишээ нь, өндөр алдлаа гэж бодоход тэрүүхэн хугацаанд л тооцоолол хийгээд командаа өгнө гэсэн үг.
-Нисгэгч таны мөрөөдлийн мэргэжил үү, эсвэл ийм мэргэжилтэй аав, гэр бүлийнхний оролцоотой сонголт байв уу?
-Би Баян-Өлгийд өвөөгийндөө өсөж, дунд сургуулиа төгссөн юм. Тухайн үед хөдөөгийн сургуульд нисгэгчийн мэргэжлээр хуваарь очдоггүй байлаа. Гэтэл надад аз тохиож, 1981 онд манай аймагт нисэхийн сургуулийн гурван хуваарь ирдэг юм, гэхдээ бүх шалгалт дуусаад, хүүхдүүд ямар сургуульд элсэхээ сонгоод, шийдчихсэн байхад. Миний хувьд Германы Лейпциг хотын хүнсний технологийн сургуулийн хуваарь авчихсан байсан. Ер нь тэр жил их онцлогтой, суурь шалгалт гэдэг зүйлийг анх хэрэгжүүлж эхэлсэн үе л дээ. Ингээд шинэ хуваарийн талаар зарлаж, хүсвэл сургуулиа солиулж болно гэсэн. Нэр төртэй нисгэгч аавтай, Монгол Улсын нисэх хүчний анхны командлагч үеэлтэй хүүгийн хувьд нисгэгч болохыг чин сэтгэлээсээ мөрөөддөг байлаа. Аав харин шийдвэрийг минь нэг их дуртай хүлээж аваагүй. Би дунд сургуульд байхдаа тэшүүрээс унаад толгойгоо нэлээд бэртээснээс болж их өвддөг байсан юм. Үүнээс болсон хэрэг.
Ингэж нисгэгч болсон би 1982 онд анх онгоц жолоодож эхэлсэн. 1985 онд сургуулиа төгсөж ирээд МИАТ компанид орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн үеийн нислэгийн отрядод хуваарилагдаж, тэндээсээ Архангай аймагт томилогдон, “царцаа ногоон” жолоодож эхэлсэн дээ. Бүх аймаг тийм “АН-2” онгоцтой байлаа. Ингээд дөрвөн жилийн дараа Улаанбаатарт шилжин ирсэн. Монголд өч төчнөөн барилга барьсан “СОТ-3” компани хоёр жилийн хугацаатай МИАТ-ээс онгоц түрээсэлж, орон нутгууд дахь бүтээн байгуулалтад оролцож байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг тээвэрлэсэн юм. Дорнод, Дорноговь, Ховд, Говь-Алтай гээд хаана л барилга барьж байна тийш ниснэ. Мардай, Хайлаастын уурхайн бүтээн байгуулалт эхэлж байсан үе. Тэр онгоцны экипажид би томилогдон ажилласан. Дараа нь 1991 онд “АН-24” онгоцтой “золгож” орон нутгууд руу ниссэн. Ингэж байгаад шалгалт өгч тэнцээд 1995 оноос гадаадын нислэгт явдаг болов. Тэр үед манайх Оросын Эрхүү, Улаан-Үд, ӨМӨЗО-ы Хөх хот руу нислэг үйлдэж байлаа. Удалгүй Орос руу, тодруулбал Украины Кировоградын нисэхийн академид нисгэгч-инженерээр сурч, 1999 онд төгсөж ирсэн. Ингээд “АН-24” хариуцсан хэсгийн даргаар ажиллаж байгаад тэр үедээ манай хамгийн том “Airbus A310” онгоцоор 2002-2010 оны хооронд ниссэн. 2011 онд МИАТ “Боинг” компанитай шинээр онгоц худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр “Боинг 767- 300” хөлгийг авахад анхны нисгэгч нь болох хувь надад тохиосон.
-Та компанидаа тодорхой сэтэртэй хүн. Мөн хөлгийн ахмад бол хэзээд удирдагч байдаг. Удирдагчийн ур чадвар, арга барилаас их зүйл шалтгаалдаг. Таныг хамт олноо үргэлж инээмсэглэлээр угтдаг, “зөөлөн” хүн гэж сонссон. Инээмсэглэх нь хувь хүний тань онцлог уу, ажлын арга барил уу?
-Ер нь л тайван талдаа хүн, би. Аав минь их дөлгөөн хүн шүү дээ, “Авир аашаа хурцалснаар хожих юм байхгүй. Аливаад тайван, уужуу хандаж бай” гэж захидаг юм. Онгоцонд ажиллах чинь амаргүй, ихэвчлэн үүр, шөнөөр босож, агаар, орчны байдал, цагийн зөрүү, янз бүрийн ааштай олон хүнтэй харилцаж, аюулгүй байдалд нь анхаарна гэхчлэн маш ачаалалтай хүнд хөдөлмөр. Үүнийг нь мэдсээр байж багийнхнаа урвайж угтах эрх байхгүй. Тэднийгээ цэнэглэж, урам өгч инээх хэрэгтэй. Ялангуяа бүхээгийн үйлчлэгчийн ажил хүнд шүү. Ер нь удирдах тушаалтан загнаж зандарснаар ажлаа шийдэх нь буруу.
-Нислэгийн үеийн аюулгүй байдалд нисгэгчийн сэтгэц, сэтгэл зүй нь техникийн бүрэн бүтэн, найдвартай байдалтай эн тэнцүү чухал асуудал. Хэдэн жилийн өмнө болсон Германы Germanwings” компанийн онгоцны сүйрэл хоёрдугаар нисгэгчийнх нь зориуд хийсэн үйлдэлтэй шууд холбоотой гэсэн дүгнэлт гарсан. Ер нь нисгэгчдийн сэтгэцийг яаж шалгадаг бол?
-Хэд хоногийн өмнө би драг-тест өгсөн. Сэтгэцэд нөлөөлдөг эм, тариа хэрэглэсэн, эсэхийг шалгаж байгаа юм. Үүний зэрэгцээ ИНЕГ-ын эмч, мэргэжилтнүүдийн багийнхан нисгэгчдийн сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар, хурд гэхчлэн олон талын шалгалт аваад нэгдсэн дүгнэлт гаргадаг юм. “Germanwings”-ийн онгоцны сүйрлээс хойш ийм шалгалт авдаг болсон нь маш зөв гэж боддог.
-Цаг агаарын байдал, гэнэтийн явдал гэхчлэн хөлгийн багийнханд төлөвлөөгүй, төсөөлөөгүй асуудал тохиолдохыг алийг тэр гэх вэ. Гэхдээ тэр дундаас санаанаас огт гардаггүй, эсвэл нэлээд сандаргасан, гайхшируулсан гэхчлэн онцгой тохиолдлоосоо хуваалцаач. Бас зорчигчийн бүдүүлэг байдлаас нисэх явцад хүндрэл гардаг уу?
-Өнгөрсөн 40-өөд жилийн хугацаанд дөрвөн янзын онгоц “дамжин”, тэнгэрт 20 мянга гаруй цаг нисэхэд муу зүйл тохиолдсонгүй. Зөвхөн миний хувьд биш, нийт компанийн нисгэгчид маань аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахих зарчмаа алдалгүй ирсний үр дүн юм. Ер нь нисгэгч, үйлчлэгч, борт инженер гээд хөлгийн багийнхан ямар ч эрсдэлтэй нөхцөлд ажиллах чадвартай, мэдлэгтэй бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг онцлон хэлмээр байна.
Сонирхолтой гэхээсээ хамт олныхоо ур чадварыг илтгэх ганцхан жишээ хэлье. Би “Airbus A310” онгоцны хоёрдугаар нисгэгч байсан, 2006 оны үе. Ж.Доржнамжил капитантай Берлин рүү нислээ. Агаарт хөөрөөд, 8000 гаруй метрийн өндөрт нисэж явтал онгоцны хоёр систем татгалзчихсан. Ер нь гурван систем байдгаас нэг нь татгалзахад нөгөө хоёр нь “аваад л явчихдаг” юм. Тэгтэл хоёр нь “асуудалтай” болж нөхцөл байдал хүндэрсэн ч бид хоёр онгоцоо эрсдэлгүй буулгаж чадсан. Нисгэгчдийн хувьд энэ мэт нөхцөлийг давж чадсан ч гавьяа байгуулчихлаа гэж бодох нь үгүй дээ.
Нисгэгчийн бүхээг зорчигчдын хэсгээс тусгаарлагдсан байдаг учраас тэнд юу болж байгааг харах боломжгүй. Гэхдээ хөлгийн багийнхнаасаа мэдээллийг байнга аваад явдаг. Ер нь онгоцны үйлчлэгчдийг хэл амаар доромжлох, архи нэхэх, тавьсан шаардлага биелүүлэхгүй байх гэхчлэн асуудал гардаг. Харин нисэх үйл явцыг саатуулахад хүргэх хүндрэл тохиолдож байсангүй. Нэг удаа Сөүлд онгоцонд зорчигчдын олонх нь ороод суудлаа эзэлчихсэн үед архи уусан хоёр хүн бусдын амгалан байдлыг алдагдуулж, заналхийлээд байхаар нь бүгдийг нь буулгахаас аргагүй болсон. Хэдийгээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын үүднээс шаардлагынх нь дагуу ийм шийдвэрт хүрч байгаа ч маш их хүндрэл, чирэгдэл болж, компани торгууль төлөхөөс эхлээд санхүүгийн алдагдалд ордог уршигтай. Нөгөөх согтуу хүмүүсийг хамгаалалтын албаныханд хүлээлгэж өгнө. Тэгэхээр “онгоцонд нэвтэрч тэсэрч, дэлбэрэх зүйл тавьчихаад согтсон дүр эсгэж албадан буулгуулж байхыг үгүйсгэхгүй” гэсэн үүднээс хөлгийг нэгжиж, шалгахаас эхлээд бөөн ажил, асуудал дагуулдаг юм.
-Манай нисгэгчид цаг агаарын онц хүнд нөхцөлд амжилттай бууснаас гадна нисэж яваа онгоцны техникийн доголдлыг “янзалж” эрсдэл, гарз, хохиролгүй газардуулсан тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Гэсэн ч таны хэлснээр “Би чадлаа” гэж чанга дуугардаггүй. Уг нь энэ бол мэргэжлийн ур чадвараараа бахархах ёстой, магадгүй баатарлаг үйлс айх. Удам залгасан гурав дахь Гавьяат, мэргэжлийнхээ хувьд олон үйл явдлын анхдагч болсон зэргээр танд бахархах зүйл цөөнгүй ч гэсэн өөрөөрөө онгирмоор санагдсан нь хэзээ бол?
-Удам судраараа бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ хүн мэргэжлээрээ, баг хамт олноороо, улсаараа бахархах нь илүүтэй байдаг юм билээ. МИАТ дөрвөн “Боинг 737”-той, бүгд түрээсийнх. 2011 онд гэрээ хийж аваад, жил бүр төлбөрийг нь төлж яваа ганц “Боинг 767” бий. Нэг жилийн дараа гэхэд бүх төлбөр тооцоо нь дуусаж Монгол Улсынх болно. Ер нь том, баян орнууд л онгоц худалдаж авдаг. Нэг ч онгоцгүй улс олон. Гэтэл бид өөрийн гэсэн онгоцтой гэхээр эрхгүй л баярлаж, бахархдаг юм. Монгол Улсын үндэсний агаарын тээврийн компанийн нисгэгч, “Боинг 767” онгоцны даргын хувиар гадаадын орнуудын нисэх буудалд буух чинь бас их гоё мэдрэмж, бахархал. Өөрийн гэсэн логотой том онгоцтой ийм улсын нисгэгч шүү дээ гэсэн бодол эрхгүй төрдөг дөө. Үүнээс гадна МИАТ компани 2016 оноос гадаадын улсуудад онгоцоо түрээсэлдэг болсон. Манайхан Чех, Бангладеш, Хаити, Мальдив руу гэхчлэн нойтон түрээсээр явж, олон сараар ажиллаж байлаа. Жишээ нь, Бангладешаас Саудын Араб руу нислэг үйлдэхэд тэр баян орныхон биднийг гайхаж бахархаж байгаа юм. Өөрсдийнх нь нисгэгч, хөлгийн багийнхан нь дан гадаадынхан. Гэтэл бид дан монгол бүрэлдэхүүнтэй, тэгээд өөрийн онгоцыг түрээслээд явна гэдэг чинь аягүй том зүйл байхгүй юу. Манай инженерүүдийн ур чадвар, гүйцэтгэлийг бол магтахын дээдээр хэлнэ шүү дээ.
-Тэгвэл аав тань нисгэгч Ауез хүүгээрээ хэзээ хамгийн их бахархсан бол. Ер нь нисгэгчийн хувиар аав тань юу гэж сургаж, захиж ирэв?
-МИАТ “Боинг” компанитай хийсэн гэрээний дагуу “Боинг 767-300” онгоц авч, анхны нисгэгчээр нь хөлгийн дарга Г.Мөнх-Очир, бид хоёрыг томилсон. Тэгэхэд аав маш их баярлаж байгааг би мэдэрсэн. Миний аав тийрэлтэт онгоц жолоодохыг мөрөөддөг байлаа. МИАТ 1987 онд “Ту-154” онгоц түрээсэлж эхлэхэд аав отрядын дарга, багш-нисгэгчээр ажиллаж байсан ч удирдах ажилтныг энэ ажил томилохгүй гэж шийдвэрлэсэн юм билээ. Үүнээс хойш удалгүй тэтгэвэрт гарсан учраас тийрэлтэт хөлгөөр нисэх мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм.
Монгол Улс иргэний агаарын тээврийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор 1950-иад онд 10 залууг Зөвлөлтөд анх сургаж, бэлтгэсэн түүхтэй. Тэдний нэг нь миний аав Т.Таштуан. Асар туршлагатай, тулхтай нисгэгч. Намайг ажлын талбарт “шинэ цэрэг” болоход “Нисэхийн аюулгүй байдал нэн чухал. Амралт, ажлаа зохицуулж, эрүүл мэнддээ анхаар. Үргэлж суралцаж, уншиж, мэдэхэд цаг зарцуулдаг байх ёстой” гэж захидаг нь одоо ч хэвээр. Өдгөө аав маань нас сүүдэр 87-той.
-Тэгэхээр та аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн байх нь. Та том онгоцны ахмадын хувьд, туршлагатай нисгэгчийн хувьд ч мэргэжил нэгтэй залуу үеийхэндээ юу гэж захиж, сургадаг вэ?
-Аавынхаа хэлж, сануулж, захидгийг л залуучууддаа дамжуулдаг юм. Хамгийн чухал нь аюулгүй ажиллагаа, үүний тулд байнга уншиж, өөрийгөө цэнэглэх хэрэгтэй гэж. Тухайн өдрийн нислэгийн үеэр цаг агаарын байдал ямар байна, техникийн талаас юуг анхаарах вэ гэхчлэн өдөр тутмын зөвлөгөөгөө тогтсон ёсоороо өгөөд л явдаг. Энэ бол туршлагаасаа хуваалцаж буй хэлбэр. Ер нь залуу үеийнхэн ахмадуудаасаа суралцаж явдаг жамаар би ч их зүйл сурч өдий зэрэгтэй нисгэгч болсон. Өнөөдөр МИАТ-ийн нисгэгчдийн дийлэнх хувь нь залуучууд байна. Хоёрдугаар нисгэгчдийн хувьд ер нь л 35-аас доош насныхан байгаа. Олон улсын түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрсэн ур чадвартай залгамжилж халаагаараа бид маш их бахархдаг.
“Нисгэгчийн замналаар явсан 40 орчим жилд туршлага хуримтлуулсаар иржээ. Туршлага бол мэдлэг, мэдээлэл, заалгасан, сурсан, сонссон, туулсан, мэдэрсэн бүхний үр дүнд бий болдог зүйл. Энэ бүхнийг би ганцаараа бий болгоогүй. Надад харамгүй зааж, хэлж дадлагажуулж, зоригжуулж ирсэн Гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир, Р.Бат-Эрдэнэ, У.Арвинбуян, Т.Батбаяр гэхчлэн олон багшийн хөдөлмөр юм. Миний хувьд ийм агуу мэдлэг, туршлагатай хүмүүсийн заасныг, хуримтлуулсан туршлагыг нь баяжуулаад л явж байгаа нисгэгч” гэж даруухан өгүүлэх Гавьяат нисгэгч Т.Ауез “МИАТ-ээр овоглодог бүх хүний хичээл зүтгэл, сэтгэл зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүч юм шүү” хэмээгээд хамт олондоо үргэлж талархаж явдгаа илэрхийлэв.
Түүнчлэн МИАТ-ээр үйлчлүүлэгчдийг тав тухтай, эрсдэлгүй зорчуулахад түүний гэр бүл, эхнэрийнх нь хүчин чармайлт их гэдгийг Т.Ауез капитан онцлов. Ажлаас өөр зүйлд сэтгэл зовохгүй, өглөө бүр инээмсэглэлээр хамт олноо угтах нөхцөлийг хэзээд бүрдүүлдэг эхнэр Сайрагулийгээ ч “Гавьяат нисгэгч” гэж тэрбээр тодотгосон юм. “Нисгэгчийн ар гэрийн хүн ямар ч тохиолдолд бүх зүйлд бэлтгэгдсэн “мэргэжилтэн” байдаг. Миний ажлын үр дүн түүнээс их хамаатай. Дөрвөн хүүхдийнхээ хүмүүжил, ажил төрөл, гэрийн хүчир албыг ганц бие мэтээр авч явдаг түүндээ талархаж, бас бахархдаг” гэснийг уламжилъя.
Т.Таштуаныхан удмынхаа дөрөв дэх үеийн нисгэгчийг бэлтгэхэд анхаарч байгааг Т.Ауез ярьсан юм. Монгол Улсад бас нэгэн Гавьяат нисгэгч бэлтгээрэй хэмээн ерөөж, ярилцлагаа өндөрлөе.