Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Наадам” төвийн зүүн хойд талд, авто замын аюулгүйн тойрогтой тулгаж 16 давхар орон сууц барьсан нь олны шүүмжлэлд өртөөд буй. Тус барилгын захиалагч нь АТГ бөгөөд өдгөө ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Барилгын ажил нь бараг дууссан ч Улсын комисс хүлээн аваагүй гэж холбогдох албаныхан мэдээлэв. Барилгын ажлыг нь 2019 онд эхлүүлжээ. 2003 онд баталж, өдий хүртэл мөрдөж буй Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 6.19-д “Гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 метрээс багагүй байна” гэж заажээ. Гэтэл тойрог замд тулсан зайд, орчны аюулгүй байдал хангаагүй газарт барилга барьж байхад албаныхан огт тоосонгүй. Улмаар өдгөө хариуцлага хүлээх хүн ч олдохгүй байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагаас “Үүний талаар сайн мэдэхгүй” хэмээсэн юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 16 давхар барилга барьж дуусгачихаад байхад тус байгууллагынхан шалгах нь битгий хэл, хараагүй өнгөрсөн хэрэг үү.
Тэгвэл уг барилга зөвшөөрөлтэй, эсэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхнаас тодруулахад “Манай байгууллагаас 2018 онд орон сууц, үйлчилгээний зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон. Газрын зөвшөөрөлтэй тохиолдолд барилга барих эрх өгдөг. Үүний дагуу л манайх эрх олгосон. Улсын комисс хүлээж авсан, үгүйг бид мэдэхгүй. Барилгын ажлын явцад хяналт тавих үүрэг бидэнд байхгүй” гэв. Тэгвэл Хотын стандарт, хяналтын газраас тухайн барилгыг ашиглалтад хүлээн авсан, эсэхийг тодруулахад “Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Гэхдээ бүх зөвшөөрөл нь бүрэн, нэгэнт барьчихсан учраас хүлээж авахгүй гэх аргагүй” гэсэн хариулт хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, уг орон сууцыг ашиглалтад оруулах нь цаг хугацааны л асуудал болжээ. Тус газрынхан ч мөн барилгын ажлын явцад ямар нэгэн хяналт тавиагүй, дууссаны дараа л шалгадаг гэв.
Бэлтгэсэн М.Оч