Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ долоо хүрэхгүй хоногийн зайтай болсон хоёр үйл явдлаас өөр өөр дүгнэлттэй үлдэх шиг боллоо. Нэг нь намынх нь, нөгөө нь нийтийг хамарсан болохоос, адилхан л залуучуудын зохион байгуулсан үйл ажиллагаа байсан юм, уг нь. Өнгөлөг хувцсаар өвч бүрэн ижилсэж, үнэтэй архи сөгнөсөн НАМЗХ-ныхон “Найрамдал”-д болсон ээлжит бус их хуралд уригдсан намын даргатайгаа ний нуугүй ярилцаж, үнэнийг хэлээгүй. Зүгээр л “Болж байна, бүтэж байна, сайхан байна, та мундаг шүү, бүгдээрээ “алаад” өгье” гэж хөөрч, сагсуурцгаагаад л салсан байх. Учир нь өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн залуучуудын жагсаалаас ердөө хоёр хоногийн өмнө Засгийн газрын тэргүүн танхимын сайд нарын хамт мэдээлэл хийхдээ “Ард түмний амьдрал, бухимдал туйлдаа хүрч байна. Та огцрох, эсэх тухайд юу хэлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Засгийн газар хэн нэгний хэлснээр огцроод байдаг институц биш” хэмээн хэгжүүрхэнгүй хариулж суусан юм.
Аз болоход залуус ажлаа хийхийг шаардсанаас бус, албан тушаалаас нь буулгана гэж жагссангүй. Ардын нам дангаар эрх барьж байгаа энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийг өөр хэн нэгнээр солилоо гээд байдал сайжрахгүйг тэд мэдэж байгаа. 2016 оноос хойш засаглаж буй МАН, сүүлийн жил гаруйн хугацаанд Засгийн газрыг тэргүүлж, хамгийн эрх мэдэлтэй Ерөнхий сайд гэгдэж буй Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг, хийсэн ажил нь хүлээлтэд хүрэхгүй байгаагийн илрэл нь залуусын жагсаал байлаа. Шуудхан хэлэхэд, үг, үйлдэл нь зөрөөд байгаа учраас ард иргэд, залуусыг хэдий болтол хуурч, доромжлох вэ гэсэн бухимдал газар аваад буй. Нөгөө талд энэ залуусыг Ардын намынхан, эсвэл АН-ынхан хөдөлгөж, ард нь удирдаж байгаа гэж ярих, ойлгох хүмүүс ч байна. Хэн нь ч уриалсан байлаа, залуус энх цагт эх орноосоо “дүрвэхийг” үл хүсэж, Монголдоо сайхан амьдрахын тулд албан тушаалтнуудаас ажлаа сайн хийхийг л шаардсан юм.
Ингэхдээ тэд болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг нэрлэсэн. Тиймээс ч залуусын шаардлага замбараагүй, зангидагдаагүй мэт харагдаж, шүүмжлэл дагуулсан тал бий. Гэвч “Бид хэмнэж байна, өөрсдөө хэмнэ”, “Хүүхдэд ээлгүй Монгол”, “Ичих нүүр үнэгүй тарааж байна”, “Ажлаа хий”, “Хулгайч нарыг зайлуул”, “Үнийн өсөлт биднийг туйлдуулж байна”, “Монголдоо аюулгүй амьдармаар байна”, “Ард иргэдээ татварын дарамтаас чөлөөл”, “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруул”, “Архины градус бус, амьдралын өртгийг бууруул”, “Цалин чинь хүрч байна уу, цагдаа ах аа”, “Онц сурах хэрэг алга”, “Шударга ёс хаана байна вэ”, “Ажил хийдэг тулдаа л өртэй амьдарч байна”, “Ийм нийгэмд хүүхэдтэй болохоос айж байна” гэх мэт хэдэн зуун хүсэл, уриа, лоозон нь манай нийгэмд, тэр дундаа залуусын өмнө ямар олон бэрхшээл тулгарч буй, ямар их асуудал хуримтлагдсаны илрэл юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжихгүй, нийгмийн суурь асуудлуудыг үндсээр нь шийдэхгүй, гал унтраах маягаар аргацаан ирснээс болж буглаж, бугшсаныг нь илчлэв. Ер нь бүтэж, сайжирч байгаа зүйл байна уу гэх цөхрөлд дарагдаж байна. Залуус цөхөрч байна гэхээр аймшигтай биш гэж үү.
Жишээ нь, өнгөрсөн пүрэв гаргаас баасанд шилжих шөнө жагсагчдад цагдаагийн байгууллагынхан хүч хэрэглэсэн нь жагсагчдын эгнээг тэлэхэд хүргэсэн. Зөвхөн үүнийг эсэргүүцэж, өмнөх өдрөөс илүү олон хүн Сүхбаатарын талбайг зорьсон юм. Төр нь иргэнийхээ эсрэг хүч хэрэглэдэг, айлган сүрдүүлдэг, хүний эрхийн наад захын мэдрэмжгүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь үеийн үед нүд үзүүрлэж ирсэн хандлагыг нь өнөөгийн залуус хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж чадахааргүй болсныг эрх баригчид ойлгоосой. Мөн авлига, албан тушаалын хэрэгтнүүд нь ял завшиж, эрх мэдэлтнүүд, түүнийг тойрон хүрээлэгчид нь ЖДҮХС, Хөгжлийн банкийг тонон дээрэмдэж байгаа нь цар тахал хийгээд Орос, Украины дайнтай огт холбоогүй, олон жилийн турш улстөрчдийн “шоу”-ны сэдвээс хэтрэхгүй явсаар буй асуудал. Эдийн засгийн хямралтай, эсэхээс үл хамааран татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, төрийн үргүй зардлыг бууруулах нь ч Монголын улс төрийн мөнхийн сэдэв, популист улстөрчдийн үе үе барьж, “сэвдэг” яриа хөөрөөний л нэг шүү дээ. Гэтэл УИХ-ын дарга нь иргэдээ “бүсээ чангал” гэж гөрдөхөөр тэд “Өөрсдөө хэмнэ” гэж эсэргүүцэхээс яах билээ. Цаашлаад “Манайд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ харьцангуй хямд байгаа шүү” хэмээсэн Ерөнхий сайдын үг даажинтай санагдсан нь гарцаагүй. Цалингаа бараа, бүтээгдэхүүний үнэ, татвар, шимтгэлтэй харьцуулбал “цаас” шахам болоод шаггүй удаж байгаа шүү дээ.
Тэгээд ч цар тахал, цаг үеийн байдлаас үүдэлтэйгээр нийгэм маш их бухимдалтай байна. Үүнийг төр, засаг мэдэхгүй, мэдэрсэн ч чимээгүй, хааяа “дуу” гаргахаараа амьдралаас тасарсан зүйл ярьж байна шүү дээ. Хэдийгээр эрх баригчид чөмгөө дундартал, янгинатал ажиллаж байгаа гэх боловч төр нь юу ч мэдэхгүй, юу ч хийхгүй байгаа юм шиг мэдрэмж олон нийтэд төрж, бухимдуулж байгаа нь нууц биш. Нөгөө талаас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр МАН хэт “биеэ тоож”, сөрөг хүчингүйдээ эрдсэн хандлага гаргасаар ирсэн.
Иймд энэ бүх асуудлыг эрх баригчид илүү ул суурьтай авч үзэж, шийдээсэй. Төр, засгийн удирдлага нь “вакумжсанаа” хүлээн зөвшөөрч, хойшид хайрцаглагдахгүй, бодитой дүгнэлт хийж, асуудал, бэрхшээлийг илүү томоор хараасай. Залуусын тавьсан шаардлагыг сарниалгүй, тарамдуулалгүй, шийднэ гэсэн амлалтдаа хүрээсэй. Зүгээр л “шоу” болгоод битгий хаячихаасай. Үлдсэн хугацаанд Ардын намынхан арай өөр арга барилаар ажиллаасай. Хэт хуучин арга барилаасаа МАН татгалзах ёстой. Бид залуусын төлөө юу хийв, ядаж л сонгуулиар хөгшид, намынхнаа тойглохоос өөр юунд анхаарал хандуулдаг билээ гээд бодоод үзээрэй, МАН-ынхаан.
Манай улсыг “залуусын орон” гэдэг. Залуус ямар хүчтэйг энэ өдрүүдэд өрнөсөн жагсаал, цуглаан харууллаа. Өмнө нь ч тэд хүчээ үзүүлж л байсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар “Зөв хүн электорат” эвсэл, түүний нэр дэвшигч Д.Энхбатын ялагдал ялалтын дайтай байсан. АН, МАН гэсэн хоёр гол тоглогчийн дундуур “гуравдагч” этгээд цойлсны цаад хүч нь залуучууд байсан гэхэд болно. Саналаа өгсөн сонгогчдын 20 гаруй хувийн дэмжлэгийг авахдаа тэд нэр дэвшигчээ тодруулахаас авхуулаад кампанит ажил өрнүүлэх, санхүүжилт босгох, сурталчилгаа явуулах, ялагдлаа хүлээн зөвшөөрөх хүртэл урьд байгаагүй жишиг, соёл, үлгэр дуурайл, зөв хандлагыг манай сонгуулийн түүхэнд анх удаа харуулж чадсан. Энэ бүхний ард залуучууд л байсан. Хүн хүч, бүтэц, зохион байгуулалтын хувьд тэгтлээ бэхжээгүй ХҮН залуучуудын хүчээр өнөөдрийн байр суурьт хүрсэн юм. Нялх биетэй ээжийг өвлийн хүйтэнд нөмгөн авч явсныг эсэргүүцэж залуучууд л жагссан. Ирэх өдрүүд ч тэдний гарт бий. Өнгөрсөн хугацаанд, бас өдгөө эрх барьж буй хүмүүс, тэдний хандлагаас тэс өөр зүйлийг залуучууд хүсэж байна. Олон нийтээрээ ингэж, сайн дураараа хэдэн ч өдрөөр жагсахад бэлэн байна. Өөрийн биеэр талбайд очиж, лоозон барьж жагсаагүй ч залуусын үйл хэрэг бухимдлыг минь тайлж, илэрхийлж чадахуйц байсныг хэлэх хүн эргэн тойронд маань олон байна.