Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд П.Сэргэлэн, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нартай уулзаж хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, зорилго, үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн жилүүдэд гадаад улс оронд оршин сууж, суралцаж, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улстай 1981 онд, Бүгд Найрамдах Солонгос Улстай 2006 онд, Бүгд Найрамдах Унгар Улстай 2011 онд, Бүгд Найрамдах Польш Улс болон Бүгд Найрамдах Турк Улстай 2018 онд, Бүгд Найрамдах Чех Улстай 2020 онд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Ингэснээр шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, иргэд зарим тэтгэмж тогтоолгон авах талаар харилцан тохиролцож, хамтран хэрэгжүүлэх боломжууд бүрдсэн.
Цаашид Оросын Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр, Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн тухай хэлэлцээрийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Мөн Шведийн Вант Улс, Канад, АНУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах боломжийг судлан эдгээр улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-аар уламжлан хэлэлцээр байгуулах санал, өөрийн улсын нийгмийн даатгалын тогтолцооны талаарх мэдээллийг хүргүүлээд байна.