Европын холбооны Гадаад хэрэг хариуцсан тэргүүн Кэтрин Эштон Израилийн эрх баригчдад хандан еврейн суурин барихаа зогсоохыг уриалжээ. Иерусалимын зүүн өмнөд хэсэгт орших Гило дүүрэгт 1100 орон сууц барих тухай төслийг Израилийн эрх баригчид саяхан хэлэлцсэн юм. Израиль, Палестиний зөрчлийг энхийн замаар шийдэхэд чөдөр болж байгаа зүйл бол шинээр барьж буй еврейн суурингууд юм хэмээн Кэтрин Эштон онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг нар мөн ингэж мэдэгдлээ. Израиль улс Палестиний газар нутагт еврейн суурин барьж байгаа нь хоёр улсын харилцаанд цав суулгаад зогсохгүй олон улсын тогтоол, конвенцид харшилж байна гэж ажиглагчид үзэж буй.
Катарын “Аль-Жазира” телевизийн мэдээлснээр Зүүн Иерусалимд шинэ орон сууц барих төслийг Израилийн Дотоод хэргийн яам дэмжсэн учир барилгын ажил 2-3 сарын дараа эхлэх аж. НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлт гаргасан палестинчууд харин Зүүн Иерусалимыг нийслэлээ болгохыг зорьж байгаа юм.
Х.ЧИМЭГ