Орон сууцын айлууд усны тоолуураа зургаан жил тутамд баталгаажуулах шаардлагатай аж. Гэтэл үүний тулд заавал Ус сувгийн удирдах газрын лабораторид өөрөө авчрах ёстой гэв. Баталгаажуулах хугацаа нь 3-4 цаг. Энэ хугацаанд хэрэглээний ус хязгаарлах тул шаардлагатай хэмжээгээр нөөцлөх ёстой гэж дээрх газраас зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, иргэн лабораторид тоолуураа хүргэж өгчихөөд, буцаагаад авах нь. Замын түгжрэл дийлдэхээ больсон өнөө үед нэг газар луу ийнхүү хоёр удаа явна гэдэг нь бараг бүтэн өдрийнхөө ажлыг алдана гэсэн үг. Засгийн газар “Цахим үндэстэн” гэсэн сүржин уриалга дэвшүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулж, хүнд суртлыг хална гэж байнга шахам сурталчилж байгаа. Тэгсэн хэрнээ бодит байдалд үйлчилгээний байгууллагууд нь энэ мэт хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлсээр байна.
УСУГ-ынхан энэ талаар “Зургаан жил өнгөрсөн бол тоолуураа заавал баталгаажуулах ёстой. Хэрэв заасан хугацаанд баталгаажуулахгүй бол ашиглалтын шаардлага хангаагүйд тооцож, усны хэрэглээний үнийг задгайгаар тооцдог. Энэ тохиолдолд төлбөр өндөр гарах эрсдэлтэй. Ер нь усаа хэмнэхийн зэрэгцээ хэрэглээнийхээ үнийг бодитоор төлөхийн тулд ийм арга хэмжээ авах нь зүйтэй. Тоолуурыг лабораторид суурин төхөөрөмжөөр шалгаж, баталгаажуулдаг. Тиймээс иргэд манай лабораторид авч рахаас өөр аргагүй” гэсэн юм. Бас болоогүй, баталгаажуулалтын төлбөр нь 12 600 төгрөг бөгөөд тоолуур нь шаардлага хангаагүй гэсэн дүн гарвал тухайн өрх шинийг худалдан авахаас өөр гарцгүй. Шинийг авах өртөг нь 40 000-50 000 төгрөг аж.
Цар тахлын хөл хорионы үед цахим болон хүргэлт, дуудлагын үйлчилгээг хувийн хэвшлийнхэн нэлээд сайн хөгжүүлсэн. Жишээ нь, дулаан, цахилгаан, усны төлбөрөө банканд очиж төлдөг хүн тун ховор болсон. Энэ мэт сайн туршлагыг нэвтрүүлж болох атал усны тоолуураа заавал өөрөө авчирч, баталгаажуул гэж чирэгдүүлдгээ хэзээ болих вэ.