Р.ОЮУНАА
Манай улсын тайз, дэлгэцийн урлагийн оддын нэг, Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын амьдрал, уран бүтээлийн замналыг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн “Norphei” арт галерейд нээгдлээ. Урлагт хагас зуун жил зүтгэж, драмын жүжиг болон кинонд “амилуулсан” олон арван дүр, найруулсан бүтээлүүдээрээ монголчуудынхаа сэтгэлд мөнхөрсөн тэрээр 1912 онд төрсөн бөгөөд өнөөгийн Архангай аймгийн уугуул. Театрын тайзнаа 1938 оноос тоглосноосоо хойш сонгодог болон Монголын уран бүтээлчдийн 60 шахам жүжгийн 85 дүрийг бүтээжээ. Харин кино урлагт 22 жилийн амьдралаа зориулсан байна. 1945 оны “Цогт тайж”-аас авхуулаад өнөөгийн үзэгчдийн ч шимтэн үздэг “Ардын элч”, “Өглөө”, “Хонины найр”, “Хүний сайхан сэтгэл” зэрэг 40 шахам уран сайхны кинонд 50 орчим дүр бүтээсэн алдартан.
Ардын жүжигчин Д.Чимэд-Осор “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг киноны ерөнхий найруулагч, “Морьтой ч болоосой”, “Өндөр ээж”, “Хоньчин Найдан” зэрэг бүтээлийн уран сайхны зөвлөх буюу хоёрдугаар найруулагчаар ажиллажээ. Тэрбээр урлагийн сургуульд уран чадварын багшаар ажиллаж байхдаа Гавьяат жүжигчин Е.Гомбодоржийн хамт жүжиглэх урлагийн анхны сурах бичгийг хэвлүүлсэн байна. Урлагийн алтан үеийн төлөөлөл, үзэгч олондоо “Төрд хэрэгтэй зайран” хэмээн өргөмжлөгдсөн түүний амьдрал, уран бүтээлийн түүхээс сонирхоорой.